ЗАВХАН: Хариуцлагатай аялал Мухартын голын экосистемийг хамгаална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-05-28 12:55:12

Улиастай, 2026 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт оршдог Мухартын гол нь 400 гаруй метр өндөр элсэн манхан доороос эх аван урсдаг байгалийн хосгүй тогтоцтой, говь хангайн зааг дахь өвөрмөц экосистем бүхий аялал жуулчлалын бүс нутаг юм.


Сүүлийн жилүүдэд дотоод, гадаадын аялагчдын зорих дуртай газрын нэг болоод буй Мухартын голыг жил бүр олон мянган хүн үзэж сонирхож байна.


Завхан аймагт 2025 онд нийт 92,168 жуулчин аялснаас 89,205 нь дотоодын, 2963 нь гадаадын жуулчин байжээ. Жуулчдын хамгийн их зорьдог газрын нэг нь Мухартын гол байсан бөгөөд 2024 онд тус байгалийн үзэсгэлэнт газрыг 12 мянга гаруй хүн зорин очсон байна.


Мухартын гол нь Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт, Бор хярын элсний өмнөд хэсэгт оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 400-450 метр өндөр битүү элсэн манхан доороос ундардаг. Голын эх рүү өгсөх тусам ус нь улам цэнгэг хүйтэн болж, хагас дугуй хэлбэрийн элсэн манхан, бургасан шугуй, байгалийн өвөрмөц тогтоц нь аялагчдын анхаарлыг татдаг байна.


Мухартын гол

Голын хөвөөгөөр бургасан төгөл өтгөн ургаж, гоньд, дэгд зэрэг эмийн ургамал, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэ элбэг ургадаг нь тус бүс нутгийн экологийн үнэ цэнийг илтгэдэг.

Мөн Мухартын гол нь Завхан аймгийн говийн бүсийн Ургамал, Завханмандал сумын нутгийг дайран урсаж, Айраг нуурт цутгадаг байгалийн чухал усны эх үүсвэр юм.


Энэ голын эхийг өндөр дээрээс харахад нар өөд ширтсэн тэмээ мэт дүрстэй, харин сансрын зургаас ажиглахад эхийн хөхнөөс урсах сүү шиг харагддаг нь байгаль эхийн гайхамшигт бүтээл мэт сэтгэгдэл төрүүлдэг талаар нутгийн иргэд ярьдаг. Гэвч аялал жуулчлалын урсгал нэмэгдэж буйтай холбоотойгоор байгалийн эмзэг тогтоц, усны эх ундарга, элсэн манхан бүхий орчинд сөрөг нөлөө үүсэх эрсдэл нэмэгдэж байгааг Завхан аймгийн Байгаль орчны газраас анхаарууллаа.


Тиймээс Мухартын голыг зорих иргэд, аялагчдыг Усны тухай хууль болон байгаль хамгаалах холбогдох журмыг чанд мөрдөн аялахыг зөвлөж байна.


Бор хярын элсэн манхан дундах Мухартын гол


Тухайлбал, голын эхэн хэсгийн элсэн манхнаас гулгахыг хориглодог бөгөөд зөвшөөрөгдсөн хэсгээс бусад газраар гулгах нь элсний нуралт үүсгэж, усны эх ундаргад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Мөн аяллын үеэр гарсан бүх төрлийн хог хаягдлыг бүрэн цуглуулж, зориулалтын цэгт хаях, байгальд ил задгай үлдээхгүй байхыг анхааруулж байна. Түүнчлэн голын голдирол дагуу авто машинаар зорчих, зүлэг болон бургасан шугуйг гэмтээхээс сэргийлж зөвхөн батлагдсан замаар зорчих шаардлагатайг онцоллоо.


Түүнчлэн нутгийн иргэд болон байгаль хамгаалагчдын зөвлөмжийг дагаж мөрдөх, аялалд гарахаас өмнө орон нутгийн нөхцөл байдал, маршрутын мэдээллийг сайтар судлах нь байгальд ээлтэй, хариуцлагатай аяллын чухал хэсэг болохыг Завхан аймгийн Аялал жуулчлалын холбооноос дурдав.


Аймгийн төв Улиастай хотоос 60 км, Эрдэнэхайрхан сумын төвөөс гурван км зайд оршдог Мухартын гол руу зорчих замд шавар, намагтай хэсэг тааралддаг тул туулах чадвар сайтай тээврийн хэрэгсэлтэй явахыг аялагчдад зөвлөж байна.


Говь, хангайн заагт орших Мухартын гол нь монгол орны ус, элсний хосолсон нэн ховор экосистемийн нэг бөгөөд байгаль хамгаалал, хариуцлагатай аялал жуулчлалын тод жишээ болохуйц үнэт өв хэвээр үлдэх учиртайг байгаль орчны мэргэжилтнүүд онцолж байна. 


Холбоотой мэдээ