Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн мягмар гараг /2026.05.14/-т хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би С.Баярцогттой тохирохгүй. Байгалийн баялаг дээр 3-4 хүн байна. Бид Оюутолгойгоос буюу баялгаасаа ашиг хүртэж чадахгүй байгаа. Баялгаас ашиг, хувь хүртэж чадахгүй байгаа шалтгаан болсон хүн Ардчилсан намд буцаж ирсэн. Тэр буцаж ирснээр бид дахиад 15-20 жил ашиг хүртэж чадахгүй байх” гэжээ. Барагтаа хэвлэлд ам нээдэггүй тэрбээр ийнхүү ярилцлага өгсөн нь анхаарал татлаа.
-О.БАТНАЙРАМДАЛЫН АРД ОЮУ ТОЛГОЙГ АВАХ ГЭСЭН ОРОСЫН РУСАЛ КОМПАНИ БАЙЖ МАГАДГҮЙ-
Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Оюу толгой”-н асуудлаар Монгол, Англи, Австрали улсын АТГ-т хандаж буй талаараа мэдэгдээд амжив. Түүнтэй хамт ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Б.Солонгоо, Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан нар хамт мэдэгдэл хийж, “Оюутолгойгоос бид ашиг хүртээгүй бөгөөд тус компани улс төрчдөд тендер, хахууль зэрэг өгсөөр ирсэн учир ард түмэн тархи угаалтад орсоор ирсэн” гэдгийг онцоллоо. Энэхүү мэдэгдлийг хийсэн хүмүүс бол Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүмүүс гэдгийг хэрсүү болсон монголчууд, анализ хийж суудаг чимээгүй олонх андахгүй мэднэ.
ВИДЕО:
Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал бол МАН-ын цөөнх буюу Л.Оюун-Эрдэнийн фракц. Харин ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Б.Солонгоо бол Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Мөн Э.Баясгаланг 2020 оны аравдугаар сарын 28-нд “Оюутолгой” ХХК-ийн Монголын талаас төлөөлөх ТУЗ-ийн хоёр гишүүний нэгээр мөн л Л.Оюун-Эрдэнэ томилж байв. Улмаар түүнийг Г.Занданшатарын Засгийн газрын үед "компанийн нууц мэдээлэл задруулсан" гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн юм.

Энэ байдал Оюутолгойн уурхай, бүтээн байгуулалт Монголчуудад үнэхээр хэрэггүй юу, ашиг хүртэхгүй байгаа юу гэх асуултад хүргэлээ. Өмнөговьд байрлах Оюутолгойн зэс, алтны уурхайн 66 хувийг Англи-Австралийн уул уурхайн компани “Рио Тинто” эзэмшдэг бол Монгол Улс өөрийн төрийн өмчит “Эрдэнэс Оюутолгой” ХХК-иар дамжуулан 34 хувийг эзэмшдэг. Гэхдээ “Рио Тинто” хөрөнгө оруулалтаа нөхөж дуустал ногдол ашиг авах хугацааг хойшлуулсан юм.
Тэгвэл өнөөдөр үүсэж буй гол маргаан 2025 оны арванхоёрдугаар сарын 10-нд ОХУ-ын Калининградын Арбитрын шүүх “Рио Тинто” Оросын хөнгөн цагааны компани болох “Русал"-д 104.75 тэрбум рубль төлөхийг даалгасан үеэс эхлэлтэй.
Бидэнд энэ асуудал хамаагүй ч Оюутолгойн хувьцааг эзэмшдэг “Рио Тинто”-гийн охин компаниудын нэрийг дурдсан нь тус компанид эргэлзээ үүссэн гэсэн үг. Үүнээс хоёр долоо хоног гаруйн дараа буюу 2025 оны арванхоёрдугаар сарын 26-нд УИХ-ын гишүүдийн 81.2 хувийн саналаар 120 дугаар тогтоолыг баталсан. “Түүхэн тогтоол” хэмээн тодотгож байгаа тус тогтоолд “Рио Тинто”-гийн түнш “Энтри Голд”-ын эзэмшиж буй Шивээ толгой, Жавхлант нарыг эргэж харах, цуцлах боломжтой асуудлыг тусгасан. Мөн “Рио Тинто”-гийн зээлийн хүүг бууруулж, Монголын талын үр өгөөжийг 53 хувьд хүргэхээр 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээг дахин хэлэлцэхийг шаардсан юм.
Гэхдээ бодит байдал арай өөр. Оюутолгой бүлэг ордын нөөцийг бүрэн ашиглах, хувь нийлүүлэгчдийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд “Жавхлант” болон “Шивээ толгой” тусгай зөвшөөрлийн талбай дахь хүдрийг олборлох ажлыг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатай. Олборлолтын ажил хойшлох тусам уулын ажлын төлөвлөгөө, зардлын тооцоололд сөргөөр нөлөөлнө. Ингээд манай улсын Засгийн газар болон “Рио Тинто” компанид ногдол ашиг төлөх хугацаа хойшлох, хүртэх үр өгөөж буурах эрсдэлтэй. Иймд “Онтре” компанитай хэлэлцээ хийж, гэрээний нөхцөлүүдийг сайжруулан “Оюутолгой” компанийн ТУЗ-д 2023 оны 3 дугаар сард өргөн барьсан. Гэсэн ч өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй.
Өнөөгийн гол дүр болсон О.Батнайрамдал, Л.Оюун-Эрдэнийн огт ашиг хүртээгүй хэмээн яриад буй Оюутолгойн уурхай үгүй байсан бол манай улсын эдийн засаг, хөгжил ямар түвшинд байхыг төсөөлөхөд бэрх. Учир нь Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын ойролцоогоор 9 хувийг тус компани дангаараа бүрдүүлж буй.
Мөн сүүлийн 15 жилд Оюутолгой нийт 44.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь Монгол Улсын нийт хөрөнгө оруулалтын 21 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 35.1 хувийг бүрдүүлж байна. Харин энэ уурхайн ажил энэ мэт маргаанаас болж гацаанд орвол Оюутолгойгоос Хятадын хайлуулах үйлдвэрүүдэд экспортолдог зэсийн баяжмалыг хаанаас орлуулах вэ гэх асуулт гарна. 1.4 тэрбум хүн амтай Хятад улс дэлхийн нийт зэсийн 82 хувийг хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Энэ бол маш том зах зээл. Хэрэв бид Хятадад зэсийн баяжмалаа экспортлохгүй бол тэд хамгийн ойр болох ОХУ-ын Удоканы зэсийн ордоор манай улсыг орлуулах болно.
Сануулахад, Оюутолгойн гэрээ 2008 оноос яригдаж эхэлсэн бөгөөд 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр баталгаажсан. Өөрөөр хэлбэл, 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын дараах эмзэг үед хэлэлцэн тохиролцсон гэсэн үг. 2008 онд төсөвт төвлөрүүлэх орлогын доод хэмжээ гэхэд 2 их наяд байлаа.
-ОРОСЫН УРАНЫ ГОЛ ӨРСӨЛДӨГЧ НЬ МОНГОЛ БОЛСОН-
Оюутолгойтой эн зэрэгцэх нэг асуудал бол уран. Монгол Улсын Засгийн газар Франц улстай хамтран ураны төслийг эхлүүлэх Хөрөнгө оруулалтын гэрээнд 2025.01.17-нд гарын үсэг зурсан. Энэ бүхний эхлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протокол”-д талууд гарын үсэг зурсан үеэс эхлэлтэй.

Дэлхий дээр нийт ураны 32 хувийг АНУ, 19 хувийг БНХАУ, 15 хувийг Франц улс хэрэглэж тэргүүлдэг. Гэтэл ураны хэрэглээ өндөр Франц улс өөрөө ураны томоохон ордгүй. Иймд ураны хэрэглээгээ Нигер болон ОХУ-аас “баяжуулаагүй уран” авч хангадаг байв. Харин өдгөө ОХУ нь Европын орнуудын хоригт орсон тул ураны экспорт нь зогсож, Франц улс нийлүүлэлтээ нөхөх өөр эх үүсвэр хайх болсон гэсэн үг. Тэр нь манай улсын Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байх, нөөцөөрөө дэлхийд 12 дугаарт эрэмбэлэгддэг Зөөвч-Овоо ураны орд юм. Францын “Орано Майнинг”, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн хувьцаагаар байгуулсан “Бадрах Энержи” компани Дорноговьд нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж, туршилтыг үргэлжлүүлж байна.

Харин үүнтэй зэрэгцэн “Эвийн хүч, эх нутгийн төлөө” ТББ-ын тэргүүн Б.Хөхөө гэх этгээд ОХУ-ын иргэн гэх Андрей Вячеславович Ожаровский нар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ураны орд газрын бүс нутагт цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийж эхэлсэн. Үүнийгээ нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч цацсан удаатай. Тэрбээр “Бидний ирээдүй болсон хүүхдүүд уранаас болж үхэх гэж байна. Улс үндэстэн маань мөхөх эрсдэлд хүрлээ” хэмээх ухуулгыг хийсэн байдаг. Түүний эл яриа, бичлэг, нэвтрүүлгүүдэд итгэсэн хэсэг бүлэг ч бий.
Харин ОХУ-ын иргэн Андрей Вячеславович Ожаровскийг жуулчны визээр Монголд нэвтэрсэн атлаа бусдын захиалгаар дээрх ордуудад ураны цацрагийг хэмжиж, цаашлаад худал мэдээллээр иргэдийг төөрөгдүүлсэн байж болзошгүй хэмээн манай улсын холбогдох байгууллагууд шалгаж эхэлсэн. Ингээд 2025 оны наймдугаар сарын 27-нд түүнийг албадан гаргасан юм.

Сануулахад, Андрей Ожаровский нь ОХУ-ын атомын энергийн төрийн корпораци “Росатом”-ыг гутаасан гэж 2022 онд буруутгагдаж байжээ. Тэрбээр дээрх үйлдлээсээ болж Беларусь улсад удаа дараа баривчлагдан, 10 жилийн хугацаагаар тус улс руу нэвтрэх эрхээ хязгаарлуулсан нэгэн юм. Энэ нөхцөлд мөн л нэг зүйл ажиглагдана. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвч-Овоо орд гацвал ОХУ-ын Сахад байрлах Эльконскийн уран Хятад болон Франц улсад борлуулагдана.
-МОНГОЛ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ ЗОГСООХЫН ТУЛД Х.БАТТУЛГА ТӨМӨР ЗАМЫГ ГАЦААСАН-
Дараагийн маргааны нэг сэдэв бол “Тавантолгой-Гашуунсухайт” төмөр замын цариг. Хятад улс нь дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч, үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн нүүрсний зах зээлийн чиг хандлагыг дангаараа тодорхойлдог. Бид өнөөг хүртэл тус улсад нүүрсээ автомашинаар хэдэн сар, жилээр оочирлон зөөсөөр буй.
Харин бид төмөр замаар нүүрсээ борлуулж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой байсан. Хятад, Монгол хоёр улсын Засгийн газар анх 2004 онд “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хэлэлцээрийг баталсан. Хэлэлцээрийн хүрээнд хоёр улс гурван боомтоор төмөр замаар холбогдъё гэж тохирсон. Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч юм. Ингээд Хятадын талаас Ганцмод, Эрээн, Зүүнхатавч гэсэн өөрсдийн талын боомтуудад төмөр замаа холбосон. Харин манай улс өргөн үү, нарийн уу гэсээр 20 гаруй жил ярьсан байна.
2008 онд анх “Энержи Ресурс”, МАК зэрэг компаниуд төмөр зам барьчихвал нүүрс тээврийн зардал буурч, илүү ашигтай ажиллах боломжтой гэдэг саналыг дэвшүүлж, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барих ТЭЗҮ боловсруулж байжээ. Энэ үед Зам, тээврийн хөгжлийн яамнаас эсэргүүцэж, “Төмөр зам бол төрийн мэдэлд байх ёстой” гэж үзсэн.
Тэр дундаа тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга “Хэрэв төмөр замыг нарийн царигаар баривал хятадууд танк ачаад ороод ирнэ” гэж айлгаж байлаа.
Энэ бол өнөө цагийн түүхэнд тэмдэглэгдэх “шилдэг онигоо”. Орчин үеийн залууст энэ үгийг нь хэлбэл магадгүй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү залгах биз. Харин тухайн үеийн монголчууд үүнд итгэсэн. Энэ нь тухайн үеийн боловсролын байдал, эдийн засаг, аж амьдрал ямар байсныг илэрхийлнэ. Энэ суртал ухуулгаа 13 жилийн өмнө буюу 2013 онд ч ярьж байлаа.
Ингээд Засгийн газраас “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ыг УИХ руу оруулахдаа төмөр зам төрийнх байх ёстой, өргөн царигтай байх ёстой гэж оруулсан байгаа юм. Улмаар УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоол батлагдсан. Тус тогтоолд “Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм /нарийн/ царигаар, Арцсуурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн шинэ шугамыг 1520 мм /өргөн/ царигаар барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт даалгасугай” гэсэн байжээ.
Гэтэл дээрх тогтоол нь “Үндсэн хуулийн 1.2”-ыг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц 04 тоот дүгнэлт гаргасан. Улмаар уг дүгнэлт гарсан даруйд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн хүлээн авч, дараа нь УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар дээрх тогтоол хүчингүй болсон байна. Ингээд буцаад л өргөн царигаар барих шийдвэр гарсан гэсэн үг. Энэ цаг хугацаанд төмөр замаар танк орж ирнэ хэмээн мэдэгдэж байсан Х.Баттулга төрийн тэргүүн байсан юм.

Өдгөө “Бодь Интернэшнл” ХХК хоёр жилийн хугацаанд өргөн царигийг хүлээлгэж өгсөн ч өргөн, нарийн цариг огтлолцож чадахгүй хэвээр байна. Харин энэ хугацаанд ОХУ Хятад улсад нүүрсээ экспортолсоор буй. ОХУ-ын хувьд Хятад руу гаргадаг биет нүүрсний хэмжээгээр Австрали, Индонез, Монголын дараа орж буй. Бид төмөр замаа аль 20 жилийн өмнө тавьчихсан бол ОХУ-ыг орлох байлаа.
Энэ мэт нүүрс, уран, газрын ховор зэрэг манай улсын уул уурхайг дэлхийн зах зээлд гаргах оролдлого бүрд ОХУ-ын эрх ашгийг хамгаалах гэсэн эх оронч дүрүүд гарч ирсээр байна. Өнөөдөр Монголын нийгэм өмнөхөөсөө илүү мэдээлэлтэй, анализ хийдэг болсон. Хэн үнэхээр үндэсний эрх ашиг ярьж байна вэ, хэн улс төрийн популизм хийж байна вэ гэдгийг ялгаж хардаг болжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам стратегийн төслүүдийг гацаасан шийдвэрүүд, улс төрийн айдсаар тоглосон мэдэгдлүүд түүхийн өмнө үнэлэгдэнэ. Тэд ч өөрсдөө үүнийгээ ойлгож буй.
























