Монгол Улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа “Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна” хэмээн тодорхой тусгасан. Өөрөөр хэлбэл, манай улс ямар нэг улстай дайсагнахгүй, мөн дайсагнагч талуудын алийг ч дэмжихгүй гэсэн байр суурьтай юм.
- ОРОСЫН "ЯЛАЛТЫН БАЯР"-ЫН ЖАГСААЛД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ-
Гэтэл энэ бодлоготой зөрчилдөхөөр үйл явдал өнгөрөгч Бямба гараг /2026.05.09/-т Улаанбаатар хотод боллоо. Тодруулбал, “Новороссия андууд нийгэмлэг” ТББ-аас санаачлан Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын зөвшөөрөлтэйгээр “Ялалтын баяр” гэх дуут жагсаалыг зохион байгууллаа. Уг жагсаал Офицеруудын ордноос Жуковын талбай хүртэл үргэлжилж, оролцогчид Монгол Улс, ОХУ-ын төрийн далбаанаас гадна Донецкийн салан тусгаарлагчдын бэлгэдэл болсон тугийг барин алхсан байна.
Монгол Улс ОХУ, БНХАУ-тай найрсаг хөршийн харилцаатай байхын зэрэгцээ “гуравдагч хөрш”-ийн бодлогыг баримталдаг. Мөн гуравдагч хөршийн харилцаатай АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг улс орнуудтай тэнцвэртэй хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрхэмлэдэг билээ.
Гэтэл олон улсын маргаантай асуудалтай холбоотой бэлгэдэл, тугийг ашигласан ийм жагсаал Улаанбаатар хотод болсон нь Монголын баримталдаг тэнцвэртэй, олон тулгуурт гадаад бодлоготой хэр нийцэх вэ гэсэн асуултыг дагуулж байна. ОХУ-ын үзэл санааг түгээдэг Төрийн бус байгууллага Монгол Улсын гадаад бодлогыг хайхрахгүй байлаа гэхэд төрийн байгууллага нь яагаад ийм жагсаалд зөвшөөрөл олгосон нь анхаарал татаж байгаа юм. Нийтлэлч Баабар энэ асуудлаар “ОХУ-ын муж ч ийм жагсаал хийхээ больсон” хэмээн байр сууриа илэрхийлсэн байгаа юм.
- ДОНЕЦКИЙГ ОХУ Л ГАНЦААРАА "ТУСГААР ТОГТНОСОН УЛС" ХЭМЭЭН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ-
Учир нь Монгол Улс "Донецкийн бүгд найрамдах улс" гэгчийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэр ч байтугай НҮБ-ын гишүүн орнууд Донецкийг Украины нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг. Гэтэл "Донецкийн Бүгд найрамдах улс" гэх Украины газар нутгаас түрэмгийлж аваад Оросуудын өөрсдөө нэр өгсөн туг Улаанбаатарын гудамжинд "намирсан" нь зүгээр өнгөрөөх асуудал биш, нөгөөтэй Монгол Улсыг олон улсад ямар "ичгэвтэр" байдалтай харагдсан бэ гэсэн асуултыг дагуулсан үйл явдал болсон юм.
Сонирхуулахад, Донецк бол Украины зүүн хэсэгт орших, нүүрс олборлолт, хүнд үйлдвэрээрээ алдартай Донбассын бүс нутгийн хамгийн том хот, төв нь юм. Энэ бүс нутаг 2014 оноос хойш зэвсэгт мөргөлдөөний гол цэг болж эхэлсэн. Тухайн үед Оросыг дэмжигч салан тусгаарлагчид Донецк болон Луганскийн зарим хэсгийг хяналтдаа авч, өөрсдийгөө “Бүгд Найрамдах Донецк Ард Улс” хэмээн зарласан байдаг. Харин 2022 онд ОХУ эдгээр бүсийг “тусгаар улс” хэмээн дан ганц өөрөө хүлээн зөвшөөрч, улмаар Украинд бүрэн хэмжээний дайн өдөөсөн.
- "НОВОРОССИЯ АНДУУД НИЙГЭМЛЭГ"- ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР Л.ЭРДЭНЭТУЯА АЖИЛЛАЖ БАЙНА -
Тэгвэл энэхүү үйл ажиллагааг монголд зохион байгуулсан “Новороссия андууд нийгэмлэг” нь 2015 оны тавдугаар сарын 11-нд “Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, нийгмийн олон талт үйл ажиллагаа явуулах, холбогдох байгууллагатай хамтран ажиллах” чиглэлээр анх байгуулагдаж байжээ. Одоогийн удирдах зөвлөлийн даргаар Л.Эрдэнэтуул гэх хүн ажиллаж байна.
Л.Эрдэнэтуул мөн 2015 оны гуравдугаар сарын 20-нд “Монгол бүгд найрамдах татарстаны форум” хэмээх холбоог мөн хамтран байгуулсан байна.
Энэ холбоо нь “Хоёр улсын хооронд боловсрол, хүмүүнлэг, эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих, казанийн их сургууль төгсөгчдийг дэмжих,төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах” гэсэн үйл ажиллагааны чиглэлтэй ажээ.

- "МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ОРОСЫН АРД ТҮМЭН АВЧ ӨГСӨН" ХЭМЭЭН МОНГОЛ ХҮҮХДҮҮДЭД УХУУЛЖ БАЙНА-
Мөн тус жагсаалд байж боломгүй нэг үйл явдал болсон нь Монголын балчир хүүхдүүдийг жагсаалдаа оролцуулсан явдал байлаа. Монгол Улс уг нь хүүхдүүдээ сонгуулийн сурталчилгаанд ч оролцуулахгүй нандигнан хамгаалдаг журамтай юм. Гэтэл ямар агуулгатай үйл ажиллагаанд, яах гэж оролцож байгаагаа ч мэдэхгүй хүүхдүүд ЗХУ-ын армийн ногоон дүрэмт хувцас өмсөж, Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын дурсгал гэгдэх Георгий туузаар энгэрээ “гоёод", инээд алдан Монгол Улсынхаа Төрийн дууллыг дуулж байлаа. Энэ Георгий тууз гэдэг нь сүүлийн жилүүдэд, ялангуяа Оросын Украинд өдөөсөн дайнтай холбоотойгоор улс төр, дайныг дэмжсэн бэлгэдэл ч гэж үзэх болоод буй юм.
ВИДЕО:
Энэ заваан юмандаа Монгол хүүхдүүд ашиглажээ🤔 pic.twitter.com/4c1hJ4PqNL
— Баагий🇲🇳🇺🇸🇮🇱🇺🇦 (@Baagij13310361) May 9, 2026
Хүүхдүүдийн балчир оюун бол "Ялалтын баяр"-т орж, цэргийн хувцас өмсөөд Төрийн дууллаа дуулахыг гоё гэж бодож байгаа. Тэднээс “Монгол Улсыг тусгаар тогтноход аль улс тусласан бэ?” хэмээн асуугаад “Оросын ард түмэн монголын газар нутгийг харийн дайснаас чөлөөлж өгсөн юмаа” хэмээн хэлж байгааг ч тэд үнэн хэмээн итгэж байгаа.
Монгол хүүхэд эх оронч хүмүүжил, тусгаар тогтнолын үнэ цэнийг эцэг эх, багш сурган хүмүүлэгчээсээ ойлгож өсөх учиртай. Гэтэл гадны орны улс төрийн өнгө аяс бүхий үйл ажиллагаанд хүүхдүүдийг оролцуулж, “Монголын тусгаар тогтнолыг оросын ард түмэн авч өгсөн” гэх агуулга тулган ярьж буй нь тусгаар тогтносон улсын ирээдүй болсон хүүхдийн ухамсарт нөлөөлөх оролдлого гэж харагдаж байна. Энэ нь цаагуураа Монгол Улсын бүрэн эрхт байдал, үндэсний дархлааг үл хүндэтгэсэн бусармаг үйлдэл боллоо.











.jpg)













