Л.Оюун-Эрдэнэ хувийн хэвшлийг "дарамталж" байсан бол, Г.Дамдинням 15 хувийн АМНАТ-аар “боомилох” хууль боловсруулжээ

Л.Оюун-Эрдэнэ хувийн хэвшлийг "дарамталж" байсан бол, Г.Дамдинням 15 хувийн АМНАТ-аар “боомилох” хууль боловсруулжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан.

“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ийн 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой орд”-ыг хэлнэ гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12-д заасан. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д “үүсмэл орд” гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг ойлгоно гэж тодорхойлсон. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

-ОВООЛГО ШОРООГ СТРАТЕГИЙН ОРДОД ТООЦОХ ХУУЛИЙГ Л.ОЮУН-ЭРДЭНЭ БАТЛУУЛАВ-

Гэвч 2024 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг, тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгтэйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 5.4, 5.5 дахь заалтад өөрчлөлт оруулж, “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон түүний үүсмэл ордыг эзэмшигч хуулийн этгээдийн 34-50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмшинэ” гэх зохицуулалтыг батлуулсан юм. Ингэснээр өмнө нь зөвхөн стратегийн ордод хамаарч байсан төрийн эзэмшлийн шаардлага үүсмэл орд буюу уурхайн овоолго, хаягдал хүдэр хүртэл тэлсэн байдаг.

Тодруулбал,  стратегийн орд эзэмшигч компанийн 34-50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмших тухай хуулийн төслийг Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг 2024 оны дөрөвдүгээр сарын 18-нд УИХ-д өргөн барьсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Б.Бат-Эрдэнэ нар “хүртэлх” гэх заалтыг эсэргүүцэж, төр яг 34 эсвэл 50 хувийг үнэгүй эзэмшинэ гэж хатуу заах санал гаргасан тул УИХ-аас төслийг “гүйцээн боловсруулах” чиглэл өгсөн байдаг.

Гэвч Б.Баттөмөрийн ажлын хэсэг “хүртэлх” гэсэн нэг үгийг хасахгүй хуулийн төсөлд “түүний үүсмэл ордыг” гэсэн гурван үгийг нэмээд оруулж ирснийг Л.Оюун-Эрдэнэ хатуу дэмжсэн байдаг. Ингэснээр уул уурхайн олборлолтоос үүссэн овоолго шороо хүртэл стратегийн ордын ангилалд хамрагдах нөхцөл бүрдсэн юм. 

Үнэн хэрэгтээ, хуульд “үүсмэл орд” хэмээн нэрлээд буй зүйл нь уул уурхайн олборлолтын явцад үүссэн овоолго шороо. Харин энэ овоолгонд үлдсэн бага хэмжээний эрдэс баялгийг дахин ялган авахын тулд орчин үеийн өндөр технологи, боловсруулах үйлдвэр, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэвч одоо мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн 5.4, 5.5 дахь заалтуудын хүрээнд ийм төрлийн төсөлд хөрөнгө оруулагч орж ирэх боломж тун бага.

Учир нь овоолгыг ашиглахын тулд асар их хөрөнгө, технологи зарцуулчхаад төслийнхөө 34-50 хүртэлх хувийг төрд үнэ төлбөргүй шилжүүлэх нөхцөлийг ямар ч хөрөнгө оруулагч эдийн засгийн хувьд ашигтай гэж үзэхгүй нь ойлгомжтой. Нөгөөтэй, “үүсмэл орд” буюу овоолго ашиглаж буй компаниудын үйлдвэрлэлийн нийт хэмжээ нь нийлээд ДНБ-ий 0.2 хувьд ч хүрдэггүй гэсэн статистик бий. Өөрөөр хэлбэл, эдийн засагт үзүүлэх нөлөө нь харьцангуй бага салбар гэсэн үг. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнийн популизмаар батлагдсан овоолго шороог стратегийн ордын хэмжээнд тооцсон Ашигт малтмалын тухай хуулийн 5.4, 5.5 дахь заалт Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн зарим зарчимтай зөрчилдөж байж болзошгүй байгаа юм. 

-ОВООЛГО ШОРОО АШИГЛАХ КОМПАНИЙН АМНАТ-ЫГ 4-6 ДАХИН ӨСГӨЖ, 10-15 ХУВЬ БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ Г.ДАМДИННЯМ БОЛОВСРУУЛАВ-

Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням одоо Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шинэ хуулийн төсөл боловсруулаад байна. Хуулийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Тус төсөлд үүсмэл орд буюу уурхайн овоолго, хаягдал хүдэр ашиглаж буй хувийн хэвшлийн компаниудаас авах Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг одоогийн түвшнээс дөрвөөс зургаа дахин нэмэгдүүлэхээр тусгажээ.

Учир нь одоо мөрдөж буй буй Ашигт малтмалын тухай хуулийн 473.1-д “Үүсмэл ордоос олборлосон бүтээгдэхүүнд ногдох үндсэн АМНАТ нь тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5 хувь, нэмэлт АМНАТ нь 0 хувьтай тэнцүү байна” гэж заасан байдаг. Харин сайд Г.Дамдиннямын боловсруулсан хуулийн төсөлд энэ зохицуулалтыг хүчингүй болгохоор тусгажээ. Ингэснээр уурхайн овоолго, хаягдал хүдрээс ялган авах боломжтой алт, мөнгө, зэс, төмөр, цайр зэрэг бүтээгдэхүүнд ногдох АМНАТ одоогийн 2.5 хувиас 10 хувь хүртэл өсөхөөр болж байна.

Тодруулбал:

  • Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3-д “… бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь гэж заасан бол;
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн 47.5-д заасанаар АМНАТ нь 2.5 хувь;
  • Мөн хуулийн төслийн 472.3-т оруулж буй нэмэлтээр тусгай АМНАТ нь 2.5 хувь гэжээ.

Бүр цаашлаад Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд зааснаар Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг ашиглан катодын зэс үйлдвэрлэж буй компаниудад “5 хувийн нэмэлт АМНАТ” ногдуулахаар тусгажээ.  Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордыг ашигладаг Эрдмин, Ачит Ихт, Зэс Эрдэнийн хувь зэрэг компаниудын нийт төлөх АМНАТ 15 хувьд хүрч, өнөөгийн түвшнээс зургаа дахин өсөхөөр байна.

Манай улс уул уурхайн бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг түүхий баяжмал хэлбэрээр экспортолдог байхад Эрдэнэт үйлдвэрийн овоолго шороог боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болох катодын зэс үйлдвэрлэдэг компаниудыг 15 хувийн АМНАТ-аар дарамтлах гэж байгаа нь нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлээ дэмжих бус, харин “шийтгэж” буй хэлбэр гэж харж болохоор байгаа юм.

Учир нь Монгол Улс өмнө нь мал аж ахуйн түүхий эдээ, сүүлийн 30 жилд уул уурхайн баялгаа баяжмал хэлбэрээр гаргадаг хавсарга эдийн засагтай явж ирсэн. Энэ тогтолцооноос гарах цорын ганц гарц нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боловсруулах үйлдвэрүүдээ дэмжих явдал юм. Гэтэл нэмүү өртөг шингээж буй үйлдвэрүүдийг өндөр татвараар дарамталбал Монгол Улс урагшлах бус, улам ухрах эрсдэлтэй.