• Өнөөдөр 2026-05-14

“НОМЕ PLAZA”-ГИЙН ЭЗЭН М.ЭНХ-АМГАЛАН “БЛЬЮ СПОТ НОМАДС” ХХК-ААРАА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭС ТАВАН ТЭРБУМЫГ АВЧЭЭ

2026-05-14,   426

          Эргэлт.мн мэдээллийн сайт аялал жуулчлалыг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлээс зээл авсан аж ахуй нэгжүүдийг цувралаар танилцуулж байгаа билээ. Учир нь, уг зургаан хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл очих ёстой эзэндээ очиж, хөгжүүлэх ёстой төслөө хөгжүүлж байгаа юу гэдэгт анхаарал хандуулж байгаа юм. Бид өчигдөр “Таванбогд”-ын Ц.Баатарсайханы төрсөн дүү “Од групп”-ын эзэн Ц.Отгонбаатар “Монгол технологи инвестмент” ХХК-аараа дамжуулан долоон тэрбумын зээл авсныг хүргэсэн. Энэ нь Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй олгогдож байгаа уг зээл ЖДҮХС шиг болох вий гэсэн хардлага төрүүлж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор “Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох тухай” 255-р тогтоолыг баталсан байдаг. Уг тогтоолоор аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд арилжааны банкнуудын эх үүсвэрт тулгуурлан 6.0 хувийн хүүтэй, зургаан жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгож байгаа юм. Одоогийн байдлаар дараах 13 аж ахуй нэгжийн зээлийн шийдвэр гарч, Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хяналтын гэрээ байгуулаад байна. Мөн 15 аж ахуйн нэгжийн зээлийн шийдвэр албажих гээд хүлээгдэж байгаа юм. Тодруулбал,

1. “Атаршим трейд” ХХК: 950 сая төгрөг

2. “Блью спот номадс” ХХК: 5 тэрбум төгрөг

3. “Галт халуун рашаан” ХХК: 675 сая төгрөг

4. “ДНДХ” ХХК: 555 сая төгрөг

5. “Дуут” ХХК: 1.5 тэрбум төгрөг

6. “Жамоторабэрү” ХХК: 1 тэрбум төгрөг

7. “Монгол технологи инвестмент” ХХК: 7 тэрбум төгрөг

8. “Өү Эн И март” ХХК: 3.5 тэрбум төгрөг

9. “Сод хан травел” ХХК: 7 тэрбум төгрөг

10. “Хан тэгри травел” ХХК: 2 тэрбум төгрөг

11. “Ханбүргэд хаан хоёр” ХХК: 3.5 тэрбум төгрөг

12. “Хасабэ-Интернэшнл” ХХК: 1 тэрбум төгрөг

13. “Эрдэнэтмолор-Эрдэнэ” ХХК: 1 тэрбум төгрөгийн зээл авахаар гэрээ нь албажсан гэсэн үг.

Тэгвэл бид энэ удаад Аялал жуулчлалын хөнгөлөлттэй зээлээс таван тэрбумыг авахаар гэрээ байгуулсан “Блью спот номадс” ХХК-ийг танилцуулж байна. “Блью спот номадс” ХХК нь Энх-Амгалангийн Номин-Эрдэнийн нэр бүртгэлтэй байдаг. 2020 онд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгэгдсэн. Гүйцэтгэх захирлаар Бямбацогтын Болортуяа ажилладаг. “Блью спот номадс” ХХК нь  Улаанбаатар хот, Налайх дүүрэг, зургадугаар хороо, Тэрэлж байгалийн цогцолборт газрын Хөдлөнгийн аманд тансаг зэрэглэлийн “Blue Spot Resort”-ийг ажиллуулдаг. Уг баазыг өнгөрсөн 2025 онд үйл ажиллагаан нь нээж, Филиппин Улсын иргэдийг ажиллуулдаг юм.

     “Блью спот номадс” ХХК хоёр хувьцаа эзэмшигтэй байсан. Тодруулбал, Мишигийн Энх-Амгалан, Энх-Амгалангийн Номин-Эрдэнэ нар хувь эзэмшиж, М.Энх-Амгалан гүйцэтгэх захирлаар нь ажилладаг байсан. Харин 2023 онд М.Энх-Амгалан хувь эзэмшлээс нэрээ хасуулж, охин Э.Номин-Эрдэнэдээ компаниа 100 хувь шилжүүлж, гүйцэтгэх захирлын ажлаа бэр Б.Болортуяадаа өгсөн байдаг. Мишигийн Энх-Амгаланыг судалж үзвэл, нийслэлчүүд, тэр дундаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны түгжрэлийн гол цэг хэмээн буруутгагддаг “Home plaza” дэлгүүрийн эзэн ажээ. Тэрбээр “Хаппимарт” ХХК, “Энх аяз” ХХК,  “Эхлэх хүч” ХХК, “Их амар групп”-ыг төрсөн дүү, охин, хүүтэйгээ хамтран эзэмшдэг юм.

“Блью спот номадс” ХХК-ийн “Blue Spot Resort” нь тансаг зэрэглэлийн бөгөөд гэр бүлийн өрөө, хаус, гэр нь 999.000 төгрөгөөс эхэлдэг. Өөрөөр хэлбэл, жирийн иргэд амрах боломжгүй гэсэн үг л дээ. Ийм өндөр зэрэглэлийн амралтын баазаа хөгжүүлэх гэж Аялал жуулчлалын хөнгөлөлттэй зээлээс таван тэрбумыг авчээ.

 

 


“НОМЕ PLAZA”-ГИЙН ЭЗЭН М.ЭНХ-АМГАЛАН “БЛЬЮ СПОТ НОМАДС” ХХК-ААРАА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭС ТАВАН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-05-14 09:17:32
    Dd: Yag yuu ni bolohgui baigaa yum be? Heden Odtoi buudal baiguulchihsan bolohoor ni surjigneed baina ve? Zeelee zoriulaltaar ni ashiglaj ni todorhoi yum bish uu?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188