Нэн ховор хойлог шувууг агнаж, худалдаалах гэж байсан этгээдүүдийг баривчиллаа


Иргэдээс ирсэн нэн ховор амьтан худалдаалж байна гэсэн мэдээллийн дагуу ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн хэлтэс шалгалт явуулжээ. Ийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шонхор” худалдааны төвийн автомашины зогсоолд, cэжигтэй этгээдүүд 3 ширхэг хойлог шувууны махыг 600 мянган төгрөгөөр худалдахаар авчирсныг дайчлан баривчилсан байна.

Түүнчлэн эд мөрийн баримтаар хойлог шувууны тус бүр нь 1400-1800 грамм жинтэй гурван махыг бусад баримтын хамт хураан авчээ. Мөн сэжигтэн “Ч”, “Б” нарыг эрүүгийн хариуцлагад татаж, тэдэнтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох шалгах үйл ажиллагаа хийж байгаа аж.

Ташрамд хэлэхэд, Алтайн хойлог нь тахианы баг гургуулын овогт багтдаг. 30-40 сантиметр өндөртэй, 2.5-3 килограмм жинтэй шувуу юм. 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэгдэж, Монгол Улсын Улаан номонд оруулсан байдаг. Мөн тархац нутгийн ихэнхийг улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад хамруулж хамгаалжээ. Гэвч иргэд олон нийт эмчилгээ сувилгаанд хойлог шувууны махыг хэрэглэх зорилгоор хууль бусаар агнаж, худалдаалж, үргээж байршлыг нь алдагдуулсаар байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх