Коронавирусийн халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг тусгаарлаад байна

Дэлхий Admin Today 2020 01 сар 23 274

Хятад даяар тархаад буй 2019-nCoV коронавирусийн халдвар авсан хүний тоо 570-ыг давж, амь насаа алдсан хүний тоо 17-д хүрсэн талаар  “International Business Times” сонин мэдээллээ.  Үүнээс Тайланд улсад хоёр, Япон улсад нэг, БНСУ-д нэг, АНУ-д нэг,  ОХУ-д хоёр тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Мөн өнөө өглөө 10:00 цагаас эхлэн БНХАУ-ын Ухань хот хөл хорио тогтоож, гадагшаа чиглэлтэй нислэг болон автобусуудыг бүрэн зогсоов. Харин тус хотод 19 орчим монгол оюутан байсан гэх мэдээллийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өгсөн. 

Тэгвэл өчигдөр /2020.01.22/ Бээжингээс – Москва хотын чиглэлд зорчиж явсан галт тэргэнд урд хөршийн иргэн өндөр халуурч, яаралтайгаар шинжилгээнд хамруулахад коронавирус илэрсэн болох нь тогтоогджээ.

Харин уг өвчтөнтэй манай улсын 10 гаруй иргэн зорчин явж байжээ. Тиймээс БНХАУ-ын талаас албан ёсоор мэдээлэл хүргүүлснээр яг одоо ХӨСҮТ-д дээрх 10 иргэнийг тусгаарлан шинжилгээнд хамруулж байна.

Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтоор коронавирусээр өвчилсөн байж болзошгүй хоёр иргэн нэвтэрснийг саатуулан шалгаж буй гэх мэдээлэл түгсэн. Үүнтэй холбогдуулж “УБТЗ” ХНН-ийн Замын-Үүд зангилаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй гэх.

Энэ мэдээллийн мөрөөр тус зангилааны жижүүрийн албатай холбогдож тодруулахад, “Сэжигтэй тохиолдол нэвтэрсэн гэдэг албан бус мэдээлэл. Харин өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй нь үнэн. Хилээр нэвтэрч буй иргэн бүрийн халууныг үзэж, асуулга тест авч ажиллаж байгаа” гэдэг хариултыг өглөө.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх