Г.Занданшатар: Үндсэн хуулийн цэцийн дарга ёс зүйгүй үйлдэл гаргасан бол хариуцлага хүлээнэ

Улс төр Admin Today 2019 11 сар 04 381

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчдийн асуултад хариулт өгснийг товчлон нийтэлж байна.

Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Сэтгүүлчдийнхээ УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг хүндэтгэж байна. Гэхдээ 2014 онд УИХ-ын даргын захирамжаар баталсан УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах журмаар зөвхөн тогтсон  газарт ярилцлага авч, өгч байхыг журамласан. Зориулалтын тодорхой цэг дээр ярилцлага, нээлттэй, ил тод мэдээлэл өгч байхыг УИХ-ын гишүүдэд үүрэг болгоно. Хэдүүлээ хаа хаанаа хариуцлагатай хандаж, Төрийн ордны хамгаалалтын болон холбогдох журмаа сахиж, хэвлэлийн эрх чөлөөгөө зөв эдэлж, үнэн зөв, тэнцвэртэй мэдээллийг ард нийт, олон түмэнд хүргэх зарчмаа баримталцгаая” гээд Чуулганы их танхимын үүдэн дэх зориулалтын цэгт очиж, ярилцлагаа өгсөн юм.

-Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр ёс зүйгүй авир гаргасан байж болзошгүй гэдэг асуудалд холбогдсон байна. Энэ асуудалд УИХ-ын даргын хувьд ямар байр суурьтай байна вэ? Та мэдээлэл авсан уу?

-Үндсэн хуулийн цэцийн даргын талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд шуугиан гарч байна. Үндсэн хуулийн цэцийн дарга хэрвээ ёс зүйгүй авир гаргаж, хууль журам зөрчсөн бол Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авна.

Үндсэн хуулийн цэцээс бидэнд өгсөн мэдээллээр бол Үндсэн хуулийн цэцийн дарга өөрөө ийм асуудалд холбогдоогүй. Ард нь сууж явсан иргэн үйлчлэгчтэй зүй бусаар харилцсаны улмаас нисэх онгоцны буудал дээр тухайн иргэнийг саатуулах асуудал гарахад нь Үндсэн хуулийн цэцийн дарга Монгол Улсын иргэний хувьд тухайн иргэнийг өмгөөлснөөс болоод үл ойлголцол, буруу ташаа мэдээлэл тарсан гэж байна. Үүнийг нягталж, шалгасны үндсэн дээр Улсын Их Хурал холбогдох арга хэмжээг авч ажиллах болно.

-БНСУ-ын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Цэцийн дарга ийм асуудалд холбогдлоо гэж мэдээлж байна. Монгол Улсын гадаад нэр хүндтэй холбоотой асуудал үүслээ. Төрийн өндөр албан тушаалтны ёс зүй, хариуцлагын асуудлыг хэзээ ярих вэ?

-Үнэхээр хэрэг зөрчил, дутагдал гаргасан бол төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын зарчмын дагуу хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ нэг талын мэдээллээр асуудалд хандаж болохгүй. Худлаа мэдээлэл буюу “fake news”-ийн талаар дэлхий даяар ярьж, анхаарч байна. Тиймээс сайтар нягтлаад, бодит мэдээлэлд тулгуурлан шийдэх ёстой.

Бид Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулаад, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн өндөр дээд албан тушаалтнаас авахуулаад, төрийн бүх шатны алба хаагчдын түвшинд ёс зүй, сахилга хариуцлагын хэм хэмжээг мөрдүүлж, ёс зүйн зарчмыг хуульчилна.

Ёс зүйг хуульчилж болохгүй гэдэг байсан. Орчин үед дэлхий нийтэд, төрийн албаны чиг хандлагад ёс зүйн хэм хэмжээний шаардлага өөрчлөгдөж байна. Япон Улс Төрийн албаны ёс зүйн хуультай. Хуулийн дагуу Японы төрийн өндөр албан тушаалтнууд гаргасан үйлдлийнхээ төлөө ард түмнээсээ уучлал гуйгаад огцордгийг та бүхэн мэднэ.

Бид шинэ хуулиар ёс зүй, сахилга хариуцлагыг цоо шинэ шатанд гарган тавих болно.

-Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай асуудалд тайлбар өгөхгүй юү?

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай асуудлаар ҮХЦ-ийн тогтоол гарсан. ҮХЦ-ийн тогтоол эцсийн шийдвэр байдаг. УИХ яаралтай арга хэмжээ авч, УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай болон УИХ-ын тухай хуулиар Үндсэн хуулийн цэцийн тогтоол гарсан тохиолдолд холбогдох хууль тогтоомж, УИХ-ын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 15 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Төсөвт 1.3 их наяд төгрөгийн алдагдал үүсэж, төсвийн орлого тасрах асуудал гаргахгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг өөрчлөх асуудлаар Ажлын хэсэг ажиллаж байна. Ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийх, завших, төлөхгүй өнгөрөх нөхцөл үүсгэхгүйгээр зохицуулах боломжтой. 

-БНХАУ-ын 800 орчим иргэн Монгол Улсад хууль зөрчиж, үйл ажиллагаа явуулж байсан. Виз олгосон болон шалгаж хянаж байх үүрэгтэй хүмүүст хариуцлага тооцох уу? “Саарал жагсаалт”-д орсон шалтгаан энэ мэтээс үүдсэн гэж ойлгож болох уу?

-“Саарал жагсаалт”-д орсон цөөнгүй шалтгаан бий. “Эдийн засгийн ил тод байдлын тухай” хуулиар 35 их наяд төгрөгийн нууц, далд хөрөнгийг ил болголоо гэж зарласан. Тэр нь “Монголд ийм их хэмжээний мөнгө далд байдаг болсон юм байна. Далд мөнгө нь хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, худалдаа, терроризм, мөнгө угаах гэмт үйлдлийг санхүүжүүлж байж болзошгүй” гэсэн сэрэмжлүүлгийг гадаад орчинд төрүүлсэн. Батлагдаагүй, нотлогдоогүй мэдээлэл олон улсад тархах тусмаа Монгол Улсын нэр хүндэд халтай байдгийн нэг жишээ энэ.

Нөгөө талаар шүүх засаглалын үйл ажиллагаа, банк санхүүгийн салбарт засаж залруулах нэлээд зүйл бий.

800 иргэнтэй холбоотой асуудал “мөнгө угаах”-тай холбоотой гэж үзэж байгаа. Онлайн мөнгөн гүйлгээг олон улсын түвшинд хууль бусаар хийж байж болзошгүй эрсдэлийг таслан зогсоох асуудалд онцгой анхаарсан нь том түлхэц боллоо гэж харж байна. Манай тусгай албад эхнээс нь сайн ажиллалаа.

Хил, гаалиар 1000 компьютер, 10.000 гар утас орж ирж байхад яагаад илрүүлсэнгүй вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. “Аялал жуулчлалын” визээр орж ирчихээд ийм үйл ажиллагаа эрхэлснийг ч шалгах ёстой. Холбогдох арга хэмжээ авна.

-“Жаран тэрбумын” гэх асуудалд нэр холбогдсон хүмүүст өчигдөр шүүхээс хариуцлага хүлээлгэлээ. Тэгвэл “ЖДҮ авсан” гэх хүмүүст хариуцлага тооцох уу?

-ЖДҮ-ийг дэмжих төслийн хүрээнд 20 гаруй жил бугшсан идээ бээр өнгөрсөн жил ил болсон. Хариуцлага тооцох талаар Улсын Их Хурлын түвшинд хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. УИХ-аас Тендерийн тухай хууль болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн тухай хууль, Тусгай сангуудын тухай хууль зэргийг шинэчилж, өөрчилж байгаа нь энэ мэт замбараагүй байдалтай тэмцэж, хариуцлага сахилгыг нэмэгдүүлж буй нэг гол чиглэл юм.

-Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхантай хариуцлага тооцох тухай асуудлыг Та хөндөж тавьсан. Энэ асуудал ямар түвшинд байгаа вэ?

-Монгол Улсад 430 гаруй банк, санхүүгийн байгууллага, 2000 гаруй хадгаламж зээлийн хоршоод ажиллаж байна. Тэдний үйл ажиллагаанд тавих хараа хяналт сул байна гэсэн асуудал “Саарал жагсаалт”-д орох нэг шалтгаан байсан. Тиймээс хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Эдийн засгийн байнгын хороогоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Монголбанкны ерөнхийлөгчийн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхийг чиглэл болгосон.

-Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх асуудал гарч байна. Хууль зүйн байнгын хорооны дарга энэ асуудлыг мэдээлсэн?

-УИХ, Хууль зүйн байнгын хороо энэ асуудалд анхаарал хандуулж, асуудлыг ил гаргаж тавьж, сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалж байна гэж ойлгох ёстой шүү дээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх