“Nike” компани Монгол залуугийн түүхээр гаргасан шинэ загварын пүүзээ танилцуулав

Энтертайнмент Admin Today 2019 10 сар 30 215

Монгол залуугийн түүхээр “Nike” AirMax шинэ загварын пүүз гаргахаар болжээ. АНУ-ын спорт хувцас, пүүз үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, 55 жилийн түүхтэй “Nike” брэндтэй Б.Тэмүүлэн хэмээх Монгол залуу хамтран ажиллахаар болсон тухай мэдээлэл гарсан билээ. 

Тэгвэл түүний нэрлэсэн пүүз загвар ил болж, тэрбээр уг бүтээгдэхүүний зургийг цахим орчинд танилцуулжээ. Өөрөөр хэлбэл Монгол хүний бүтээсэн загвараар “Nike Air Max 1” пүүз ирэх арваннэгдүгээр сарын 1-10-ийг хүртэл “NIKE” цахим хуудсаар худалдаанд гарах гэнэ. Тэрбээр энэ пүүзэнд БАДАРЧИД хэмээн нэрлэсэн бөгөөд энэ талаараа тайлбар хийхдээ: 

БАДАРЧИД нь хэзээ ч хөгширдөггүй, бууж өгдөггүй, тууштай зүтгэдэг, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлдэг, орчин үеийн соёлтой хөл нийлүүлэн алхдаг залууст зориулсан талархал юм. Тууштай зүтгээрэй бадарчид аа! Цайвар элэг нь тал нутгийн гадаргууг мэдрэгдүүлэх, улаан нь явсан жим болгон оо тамгалж байх, цэнхэр нь хөх тэнгэрийг илэрхийлж байгаа юм. "01" "10" нь миний хүүхдүүдийн төрсөн өдрүүд. Харин NIKE AIR MAX 1 загварыг сонгох болсон нь энэ пүүз нь өөрөө пүүзний ертөнцөд шинэ нээлт авчирсан өв юм хэмээн бичсэн байв. 

Тэмүүлэнгийн хувьд NIKE компанитай холбогдсон түүхээ өмнө нь мөн бичсэн бөгөөд үүнд: 

“Nike”-аас шинэ гутлаар өөрийн түүх, үзэл бодол, зорилгоо хуваалцах зорилготой хөтөлбөр зарладаг. Уг хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган залуу оролцжээ. “Tell your story with shoes” гэсэн хөтөлбөрт сонгогдсон 38 залуугийн нэгээр Батмөнхийн Тэмүүлэнг сонгосон байна. Ийнхүү тэрбээр тус брэндтэй хамтран ажиллаж, өөрийн түүхийг шигтгэсэн шинэ загварын пүүзийг худалдаанд гаргах анхны монгол хүн болжээ.

“NIKE”-тай хамтрах нь түүний хамгийн том мөрөөдөл, зорилгуудын нэг нь байсан аж.

Энэ тухай Б.Тэмүүлэн “Би өөрийнхөө тухай түүхийг товчхон бичээд “Nike”-руу явуулсан юм. Хэзээ хариу гарахыг мэдэхгүй байсан. Нэг өдөр Instagram feed хараад байж байтал “Сонгосон хүмүүс рүү цахим шуудан явуулсан” гэснийг харсан. Мэйлээ шалгатал хариу ирээгүй байсан юм. Яагаад ч юм сонгогдсон юм шиг совин төрөөд, спамаа шалгатал “Nike” гэсэн хаягнаас “Баяр хүргэе. Та хэдэн мянган хүн дундаас өөрийнхөө түүхийг пүүзээр илэрхийлэх хүмүүсийн нэг боллоо” гэсэн зурвас ирсэн байсан” гэв.

Б.Тэмүүлэн пүүз бүтээх үйл явц маш хурдан өрнөснийг дурдав. Цоо шинээр пүүз урлах биш харин “NIKE”-аас өгсөн таван загвараас сонгож, өнгө, материал болон гурван үсгээр түүх, санаагаа илэрхийлжээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх