ФОТО: Нэгдүгээр эмнэлэг өнгө төрхөө шинэчиллээ


Монгол Улсын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 94 жилийн түүхэн ой энэ онд тохиож байна. 

Анх 1925 оны аравдугаар сарын 25-нд Ардын эмнэлэг нэртэйгээр Европ эмнэлгийн 8, лам ёсны түвд эмнэлгийн 7, нийт 15 ортой эмнэлгийг 1 орос, 3 монгол эмчтэйгээр тэр үеийн Улаанбаатар хотын IX хорооны нутаг дэвсгэр буюу Зоригт ван Осорбазарын ач хүү Төвдорж вангийн цэцэрлэгт хашаа ордонд байгуулснаар эдүгээгийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн  тулгын чулуу тавигджээ.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь өнөөдөр улсын хэмжээнд амбулаторын болон хэвтүүлэн эмчлэх чиглэлээр нийт 568 оронд 800 гаруй хүний нөөцөөр жилд 320 мянга гаруй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс 20-21 мянган иргэнийг хэвтүүлэн эмчилж, 10 мянга гаруй иргэнд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг байна.

Ууган эмнэлэг 94 жилийн ойгоо угтан бүтээн байгуулалтын болон шинэчлэл засварын ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Иргэдийг угтан авах цахим бүртгэлийн хэсэг, Лабораторийн тасаг, Эрчимт эмчилгээний тасаг, Урологийн үзлэгийн хэсэг, 1 давхрын коридорын хэсэг, Эмзүйн алба, гадна машины зогсоол зэрэг хэсгүүдэд бүрэн засвар хийж, шинэ өнгө төрх, шинэлэг зохион байгуулалтаар үйлчлүүлэгчдээ хүлээн авч байна. 

Нийтдээ 600 гаруй сая төгрөгийн засварын ажил хийгдсэн ба 300 гаруй сая төгрөгийн ажил улсын төсвөөр хийгдэж, үлдсэн төсөвийг хувийн аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэжээ.

Олон улсын жишигт нийцүүлэн тав тухтай орчныг бүрдүүлсэн нь улсын эмнэлгүүдийн хувьд хөгжлийн шинэ үе шат болохуйц үр дүнтэй ажил боллоо.

Зөвхөн засвар шинэчлэлийн ажлаас гадна менежмент, зохион байгуулалтын шинэлэг аргачлалуудыг үйлчилгээндээ нэвтрүүлж, шинжилгээний хариугаа автомат машинаас иргэний үнэмлэхээрээ /цаашид хурууны хээгээр/ авах, хөдөө орон нутгийн иргэд нэгдсэн эмнэлгээрээ дамжуулж үзлэгийн цаг урьдчилан захиалах, онлайнаар үзлэгийн цаг товлох үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд аймаг дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгүүдэд тусламж үйлчилгээ, сургалт арга зүйн зөвлөгөө өгөх, байнгын хамтын ажиллагаатай байж хөгжилд чиглэсэн ажлуудыг хамтран зохион байгуулж иргэдэд чиргэдэлгүй эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх зорилгоор "Салбарын хөгжилд хамтдаа" уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ЗОЧИН 2019 10 сар 30

ОДОО ЭМЧ НАРЫНХАА ЧАДВАР,МЭДЛЭГИЙГ САЙЖРУУЛЧИХВАЛ ЦАЛИНГИЙГ НЬ НЭМЭЭД ӨГЧИХВӨЛ.ХАХУУЛЬ АВДАГИЙГ НЬ ЗОГСООЧИХВОЛ