Н.Дашзэвэг: 450 мянган байр бариад, хүүгүй тараана гэдэг мянгуужингийн үлгэр


Бизнесийн дунд сургуулийн захирал, доктор Н.Дашзэвэгээс тодрууллаа.

-МАХН-аас ирэх сонгуульд ялах юм бол иргэдийг хүүгүй, урьдчилгаагүй байранд хамруулна гээд бүртгэл явуулаад байгаа. Үүнийг эдийн засагч хүний хувьд юу гэж үзэж байна? 

-Монголчуудад үнэгүй шахам байр өгнө гэж яриад байгаа. Энэ бүтэхгүй асуудал. Нэгдүгээрт, 450 мянган орон сууц барих мөнгөний эх сурвалж харагдахгүй байгаа. Хоёрдугаарт, нам ийм юм амлаж боломгүй. Сонгуулийн хуулиар намууд улсын төсвийн тухайн оны зардлаас илүүгээр юм амлаж болохгүй. Монгол Улсын төсөв өөрөө 10 их наяд хэмжээнд байна. Гэтэл энэ 450 мянган орон сууцыг 12 тэрбум доллар олоод барьчихна гээд Э.Эрдэнэжамьяан яриад байгаа. Тэр мөнгө хаанаас олдох юм бэ. Манай улсын төсөв өөрөө хоёр их наядын алдагдалтай, 2021 оноос Засгийн газрын бондын өр төлж эхэлнэ. Засгийн газар, Монгол банктай нийлээд долоон тэрбум долларын өртэй байгаа шүү дээ. Ингээд төсөв нь сургууль, эмнэлэгтээ ч хүрэлцэхгүй байхад 450 мянган байр бариад, хүүгүй тараана гэдэг мянгуужингийн үлгэр. 

-Ер нь ипотекийн зээлийн хүүг бууруулах боломж байгаа юу?

- Ипотекийн зээлийг найман хувийн хүүтэй байгааг 3-4 хувийн хүү рүү оруулах боломж байна. Үүний тулд зээлдэгч нартайгаа л ажиллах хэрэг байна шүү дээ. Төрийн банкаар нь дамжуулаад хороо, аймаг сум, дүүргээр нь дамжуулаад хүмүүстэйгээ харьцаж болно шүү дээ. Ипотекийн зээл гэдэг харьцангуй амархан зээл. Үл хөдлөх хөрөнгө нь байж байдаг, хаашаа ч алга болдоггүй учраас зээлдэгчээ алдана гэсэн ойлголт байдаггүй. Тиймээс заавал банк гэхгүйгээр төрийн байгууллага нь өөрсдөө хариуцаад, хорооны дарга нь хариуцаад явах бүрэн боломжтой. Ингэх юм бол зээлийн хүү 3-4 хувь руу орох бүрэн боломж байна гэж би хэлээд байгаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх