Засгийн газар 2020 онд концессын эргэн төлөлтөд 323.5 тэрбум зарцуулна


Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг өргөн барьсан билээ. Тэгвэл ирэх онд Засгийн газар “барих-шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтөд зориулж 323 тэрбум 583.4 сая төгрөг төлөхөөр төсвийн төсөлд суулгасан байна.

Тухайлбал, Алтай-Дарви чиглэлийн 98 болон 165 км замын эргэн төлөлтөд 85.8 тэрбум төгрөг зарцуулна. Энэхүү замыг “Лунзянь Роуд энд Бридж” ХХК барьсан бөгөөд оруулсан хөрөнгө оруулалтынхаа үлдэгдэл төлбөрийг 2020 онд авахаар гэрээ байгуулж байжээ.  

Мөн “Чойр” дэд станцын өргөтгөл, шинэчлэлтийн концессын үлдэгдэл төлбөр болох 30.5 тэрбум төгрөгийг төлөхөөр ирэх жилийн төсөвт суулгасан.  “Чойр” дэд станцын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Алтай трест” компани хийсэн бөгөөд нийт өртөг нь 81.7 тэрбум төгрөг байсан аж. Засгийн газар 2019 оны зургадугаар сарын 30, арванхоёрдугаар сарын 31, 2020 оны зургадугаар сарын 30-ны дотор төлбөрийг гурав хувааж төлөхөөр гэрээ байгуулжээ. Тэр дагуу 2020 оны төсөвт эргэн төлөх мөнгийг суулгасан байна.

Түүнээс гадна, Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төслийн концессын эргэн төлөлтөд зориулж 2.5 тэрбум төгрөг төсөвт суулгажээ. Энэхүү төслийн ажлыг “МАК” хийж, гүйцэтгэсэн. Анх гэрээ байгуулахдаа Засгийн газар хөрөнгө оруулалтыг 2018, 2019 онд багтааж, 25 хувиар нь дөрөв хувааж төлөх ёстой байж. Гэвч 2020 онд үлдэгдэл мөнгийг нь төлөхөөр төсөвт тусгажээ.

Нийслэлийн 14, 32, 38 дугаар сургуулийн барилгын концессын эргэн төлөлтөд зориулж, 3.4 тэрбум төгрөг төлөхөөр мөн төсөвт суулгажээ. 

Нэмээд Баянхонгор аймгийн Өлзийт суманд баригдах 100 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлд 1.1. Хан-Уул дүүрэгт барьж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусгах, дэд бүтцийг татах ажилд 8. Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай замын концесст 130. Тосонцэнгэлийн 4 замын уулзвал-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замын ажилд 62.8. Нийтдээ дөрвөн шинэ төсөлд 202 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгасан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх