Ази тивийн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг УБ хотноо зохион байгуулна


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээл дор БСШУСЯ, нийслэлийн ИТХ, "Монголын шатрын холбоо" хамтран анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ сарын 6-16-ны өдрүүдэд зохион байгуулах шатрын тус тэмцээн нь Ази тивдээ хоёрт жагсдаг том тэмцээн аж. “Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээний есөн өргийн дараах жагсаалтын шилдэг хоёр эрэгтэй шатарчин "Дэлхийн цом"-д оролцох эрхтэй болох юм. Харин шилдэг эмэгтэй шатарчин "Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах" тэмцээний эрх авна.

Энэ эрхийн төлөө өрсөлдөхөөр Монгол, Индонез, Вьетнам, Филиппин, Өмнөд Солонгос, Малайз, Хонгконг улсын 100 орчим шатарчин оролцохоор бүртгүүлжээ. Тухайлбал,  Филиппин улсын тамирчин Азийн анхны их мастер Eugene-Torre, Индонез улсын тамирчин их мастер Susanto Megaranto, Вьетнам улсын тамирчин их мастер Tran MinThang, Индонез улсын тамирчин олон улсын хэмжээний мастер Novendra Priasmo, Вьетнам улсын олон улсын мастер Tran Tuan Minh, Монгол Улсаас их мастер Б.Хатанбаатар, Б.Гүндаваа, Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул тэргүүтэй тамирчид оролцоно. Тэмцээний Ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Г.Оюунчимэг, Орлогч шүүгчээр олон улсын шүүгч Jamie Kenmure нарын тэргүүтэй 11 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллах юм.

Мөн тус тэмцээний үеэр олон улсын дасгалжуулагчийн сургалт, олон улсын шүүгчийн сургалт, "Монгол Шатар" олон улсын нээлттэй тэмцээн зохион байгуулах юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх