ITM-2019 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана


Аялал жуулчлал нь дэлхийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн нэн чухал салбар болж, 2017 оны байдлаар 1,3 их наяд хүмүүс аялал хийж, жил бүр энэ нь 4-6%-иар нэмэгдэж, дэлхийн ДНБ-ийн 10,4%-г энэ салбараас олж, бүх ажлын байрны 10/1 нь чухамдаа энэ салбарт хамаарагдаж байна. Харин Монгол улсад 2018 онд 529,370 гадаад жуулчид хүрэлцэн ирсэн нь өмнөх оноос 11%-иар өсч, бид анх удаа хагас сая илүү гадаадын гийчдийг хүлээн авсанаар 569,542,966 ам.долларыг аялал жуулчлалаас олж, өмнөх оноос энэ тоо 29,6%-аар өссөн байна. Түүнчлэн 2,460,874 монголчууд гадагшаа аялсан байна.

27 жилийн түүхтэй Монголын Аялал Жуулчлалын Холбоо энэхүү нийтлэг зорилго, үнэт зүйлсийг хөгжүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон ажлуудыг санаачлан зохион байгуулж ирсэний дотор Монголын аялал жуулчлалын салбарын  нэгдсэн цугларалт, бизнесийн худалдаа, танилцуулгын цогц болсон                 “ITM- Ай Ти Эм”  түүхэн уламжлалт үзэсгэлэн арга хэмжээг энэ удаад Улаанбаатар хотноо  20 дахь жилдээ зохион байгуулж байна.

Эдүгээ дэлхийн аялал жуулчлалын ерөнхий хандлага нь Ази тив рүү өсөн нэмэгдэж, Ази Европийг холбосон аялагчдын зам улам эрэлттэйгээр өргөжин тэлж байна. Иймээс Монголын аялал жуулчлалын хөгжилт нь зөвхөн нэг улс орны төдийгүй бүс нутгийн, нүүдлийн соёл иргэншилт улс орнуудын, хоёр их гүрэн улсуудын дунд стратегийн чухал ач холбогдол бүхий жуулчдын зорих газар болж буй өнөө үед энэхүү үзэсгэлэнгийн цар хүрээ, хамаарал, оролцогчдын чанар, хүртээмж тэр хирээрээ чанаржин хөгжиж байна. “Ай Ти Эм”-2019 энэ удаагийн үзэсгэлэнд манай орны үзэсгэлэн төгөлдөр байгаль соёлын өлгий болсон 21 аймаг, нийслэл хотын засаг захиргаа, хувийн хэвшлийн төлөөллүүдийн хамтаар, үндэсний аялал жуулчлалын тур оператор, зочид буудал, жуулчны бааз, агаарын тээврийн компани тэргүүтэй дотоодын 320 гаруй байгуулагууд болон БНХАУ, Турк, Япон, БНСУ, Тайланд, ОХУ-ын Буриад, Тува улсын аялал жуулчлалын төр ба хувийн хэвшлийн төлөөлөгчид өөр өөрийн байршил талбайтай оролцож байна.

 Түүхт 20 жилийн ой нь болж буй  “Ай Ти Эм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн энэ жилийн албан ёсны түншээр Увс аймаг оролцож буйгаас гадна Үзэсгэлэнгийн албан ёсны хамтран зохион байгуулагч Байгаль Орчин аялал жуулчлалын яам /БОАЖЯ/, Дэмжигч байгууллагаар Нийслэлийн аялал жуулчлалын  газар /НАЖГ/, Турк Эйрлайнс зэрэг байгууллагууд оролцож байна.      

Тус экспо үзэсгэлэнд хувийн хэвшлийхэн, аймаг орон нутгийхан бултаар цуглан уулзалдаж, ирж буй зуны өндөр ачааллын өмнө гэрээ хэлцэлээ эцэслэж, хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэлээ танилцуулан баталгаажуулж, олон нийт, оюутан сурагчид, сонирхогчид аялал жуулчлалын гайхамшигт ертөнцөд хамтдаа байж, шинэ шинэ түншүүдтэй, шинэлэг санаа сэдвүүдтэй, шийдвэртэй мэдээ мэдээлэлтэй, сонирхсон ажил мэргэжил, эргэлзсэн асуудлуудаа шийдэж чадсан, үр өгөөжтэй, олз омогтой, харилцан ашигтай ажиллах бидний хамтын нэгдсэн индэр байх болно

Монголын Аялал жуулчлалын холбоо

www.travelmongolia.org

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх