Н.Батсүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг махны үйлдвэрүүдээс 31 зөрчил илрүүлжээ


НИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 11-р сарын 14-ний өдрийн 171 дүгээр тогтоолоор нийслэлийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хот орчмын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, эрүүл ахуйн байдлын талаар судлах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн Ахлагч, НИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэлийн баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийгдсэн байна.

Нийт шалгалтад 11 үйлдвэр хамрагдсан бөгөөд 31 зөрчил дутагдал илэрсэн байна. Тодруулбал урьдчилсан хяналтад хамрагдаагүй, дүгнэлт гаргуулаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан Бугат-Эрхэс ХХК-д 500.0 мянган төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, “Эрээн сити юнайтэд” ХХК, “Мөнх төгрөг” ХХК-ийн махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон аж. Уг гарсан зөрчлөөс 21-ийг буюу 68 хувийг нь арилгуулж, 15,5 сая төгрөгийн торгууль ногдуулж, бүрэн барагдуулсан бөгөөд бусад зөрчлүүдийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтнуудад албан даалгавар болон шаардлагуудыг хүргүүлжээ.

Мөн шалгалтын явцад БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах экспортлох зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн нэрийг ашиглан зөвшөөрөлгүй аж ахуй нэгжүүд дулааны аргаар мах боловсруулах үйл ажиллагаа явуулж байжээ. Мөн БНХАУ-ын иргэд олноор мах худалдан авах, боловсруулах үйл ажиллагаанд оролцсон нь тогтоогджээ.

Цаашид махны үнийг зохиомолоор өсгөх асуудалд хатуу анхаарч арга хэмжээ авч ажиллахыг ажлын хэсгийн ахлагч НИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл тайландаа онцолсон тусгасан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх