Б.Ундармаа охиныг 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хайж байна


Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд энэ сарын 14-ний өдөр есөн настай Бибишийн Ундармаа охин алга болоод өнөөдрийг /2019.04.19/ хүртэл олдоогүй байна. Охин тоглоомын талбайд тоглож байгаад тухайн өдрийн 18:00 цагаас хойш сураггүй болсон. Охиныг орон даяар эрэн сурвалжилж байгаа ч одоо хүртэл ямар нэгэн сураг гараагүй байгаа юм.

Аймаг, сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн 12 хэсэгт гарч сумын төв болон ойр орчмын бүх айл өрхийн өвөлжөө, амбаар, бохирын цооног, гуу жалга бүх газраар эрлийн ажлыг явуулжээ. Мөн Сэлэнгэ аймгийн нутгаас гадна хил залгаа Орхон, Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллагатай хамтран тус аймгуудын нутагт эрэн хайх ажиллагааг явуулаад байгаа юм.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг дарга Ж.Отгондалай “Сумынхаа нийт иргэдэд охиныг алга болсон талаар аман байдлаар мэдээлэл хүргэсэн. Сумын нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг явуулсан ч олдоогүй. Аймгийн хэмжээнд цагдаагийн байгууллага, иргэд эрэн хайх ажиллагааг явуулж байгаа” гэдэг мэдээллийг өглөө.

Алга болсон Б.Ундармаа охины ар гэрийнхэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг талаар эх сурвалж мэдээллээ. Эрлийн ажиллагааг хэрхэн явуулж байгаа талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга А.Энхбатаас мэдээлэл авлаа.

-Охиныг эрэн хайх ажиллагаанд хэчнээн хүн оролцож байна вэ?

-Нийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг бүрэлдэхүүн тасралтгүй эрэн хайх ажлыг гүйцэтгэж байгаа. Цагдаагийн байгууллагын 30 гаруй албан хаагч охиныг хайж байна. Мөн төрийн байгууллагын ажилчид, нутгийн иргэд охиныг хайхад гар бие оролцож байгаа.

-Охины талаар ямар нэг сураг гарсан уу.

-Сураг гараагүй байна.

-Цаашид эрлийн ажиллагааг хэрхэн үргэлжлүүлэх вэ?

-Сэлэнгэ аймгийн удирдлагууд, цагдаагийн албан хаагчид, бусад холбогдох хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр Жавхлант суманд хуралдаж, эрлийн ажиллагааг хэрхэн явуулах талаар ярилцаж байна. Хуралд Цагдаагийн ерөнхий газар, тагнуулын байгууллагын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцож байгаа юм. Цаашид яаралтай арга хэмжээ авч, охиныг олох нь чухал байна.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаар олон улсын чанартай авто зам дайран өнгөрдөг байна. Иймд эрлийн ажиллагааны хүрээг тэлж, зэргэлдээ аймгуудын нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Охиныг унаанд суулгаж авч явсан байж болзошгүй гэх таамаг ч дэвшүүлж буй аж.

Охиныг харсан, үзсэн хүн байвал 7036101 утсанд мэдээлэл өгөхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх