Нөхөн сэргээлт хийдэггүй компаниудад эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой


Өнгөрсөн долоо хоногт “Mongolia Gold 2019” алтны салбарын гуравдахь удаагийн олон улсын хурал үзэсгэлэн, Алт үйлдвэрлэгчдийн холбооны VII хурал болсон билээ.

Энэ үеэр хариуцлагагүй уул уурхай болон нөхөн сэргээлтийн асуудал нэлээд хөндөгдсөн.

Уул уурхайн компаниуд алтыг нь аваад авдрыг нь хаяж байна гэсэн шүүмжлэл ч бий. Тэгвэл нөхөн сэргээлт хийдэггүй компаниудыг торгохоос илүү эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байвал хариуцлагатай уул уурхай хөгжинө гэдгийг ч албанхан хэлж байв.

Геологи, уул уурхайн үйлдвэрийн сайд асан, Хөдөлмөрийн баатар, Геологи-Эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц “Алтны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нөхөн сэргээлтийг маш муу хийж байна.  Монголын төрийн тогтолцоо нь төр зөв ажиллах нөхцлийг хуулиар нь задлаад хаячихсан юм. Яамны бодлого гэж ярьдаг. Ямар юмны бодлого байх вэ дээ. Бодлогыг эрдэмтэд хийж, яам нь баталгаажуулж, хэрэгжүүлэх ёстой. Хяналтын асуудлыг яам мэддэг байх ёстой. Гэтэл байхгүй. Тэгээд асуудал ярихаар шал өөр юм ярьдаг.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар хэрэгжүүлэгч агентлаг. Хэрэгжүүлэгч юм бол хэрхэн хэрэгжиж байгаа талаар хяналтаа тавих эрхтэй. Гэтэл мэргэжлийн байгууллагад байдаг гэдэг. Тухайн үйлдвэрийн компани уул уурхайн нөхөн сэргээлт хийж байгаа эсэхэд хяналт тавих хяналтын систем гэж байхгүй. Нэг ч бодлого, удирдлага байхгүй. Монголыг хуулийн дээд зэргээр задалж, төрийн тогтолцоог үнэгүйдүүлж байна.

Нөхөн сэргээлт хийдэггүй компаниудад хуулиар буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх ёстой. Түүнээс нэг аж ахуйн нэгжийг 250 мянган төгрөгөөр торгоод яах юм бэ” гэлээ.
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх