НББСШУБХ: Байнгын хорооны даргаар Д.Оюунхоролыг сонгохыг дэмжлээ

Улс төр Admin Today 2019 03 сар 27 329

 

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10 цаг 44 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж,  тус Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв.

    Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилогдсон учир тус Байнгын хорооны даргыг сонгох шаардлагатай болсныг онцлов.  Байнгын хорооны даргад Дуламсүрэнгийн Оюунхоролын нэрийг дэвшүүлэхдээ, парламентад ажилласан туршлага, ажлын гараагаа энэ салбараас эхэлж, боловсролын салбарт Монгол улсын Гавьяат багш болтлоо ажилласан байдал, МАН-ын 2016-2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтсан асуудлыг хэрэгжүүлэхэд тус байнгын хороо голлох үүрэгтэйг харгалзан түүний нэрийг дэвшүүлсэн гэж байлаа. 

    Нэр дэвшигч Д.Оюунхорол нь 1986 онд Улсын багшийн дээд сургууль, 2003 онд Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. 1986-1989 онд ерөнхий боловсролын сургуульд  багш, хичээлийн эрхлэгч, 1989-1990 онд  Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга, 1991-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн ректор, 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгч, 2008-2009 онд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн, 2012-2016 онд Улсын Их Хурлын гишүүн, 2014-2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, 2016-2017 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна. 

    Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа  тус Байнгын хороонд өөрийнхөө нэрийг дэвшүүлснээ мэдэгдлээ. Тэрбээр, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг нийгмийн салбар нь монголын ирээдүй цаашдын хувь заяаг шийддэг. Нийгмийн тулгуур багана болсон боловсрол, эрүүл мэндийн асуудал амаргүй, хүнд байгаад боловсролын салбарт гадаад, дотоодын их дээд сургуульд багшилж, докторын зэрэг хамгаалж, 60 гаруй эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн эрдэмтний хувьд энэ асуудалд сэтгэл эмзэглэж явдгаа илэрхийлсэн. Мөн эрүүл мэнд, боловсролын салбарын хүртээмжийн асуудал хүнд, салбарын менежментийг хийж, зөв системийг нэвтрүүлж чадаагүйн талаар хөндөөд Байнгын хорооны гишүүдэд нэгийг бодуулж, хоёрыг тунгаах боломжийг өгөх үүднээс нэрээ дэвшүүлсэн гэдгээ илэрхийлээд намтраа товч танилцуулав.

    Улсын Их Хурлын гишүүн Агваанлувсангийн Ундраа нь 1973 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. 1989 онд Монгол улсын Их сургуулийн физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, 1994 онд МУИС-ийн физикийн ангийг төгсч, тус сургуульд багшилж байгаад  Итали улсад магистр, АНУ-д 1998-2000 онд  суралцаж, докторын  зэрэг хамгаалжээ. Эрдэм шинжилгээний 60 орчим бүтээл хэвлүүлж, олон улсын 20 гаруй оронд илтгэл лекц уншсан байна. АНУ-ын Станфордын их сургуульд Олон улс бодлого судлалын тэнхимд багшилж байсан аж. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа аж. 

    Нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, А.Ундраа нар үг хэлэв.

    Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Улсын Их Хурлын өчигдрийн гаргасан шийдвэр нь 1990 оны эхэн үед  бий болгосон ардчилал, хүний эрх, Үндсэн хуулийн хүрээнд ажиллах зарчмаас ухарсан алхам болсон гэж үзсэн учраас нэрээ дэвшүүлсэн гэв. Тэрбээр, аливаа шийдвэр бусдыг мохоох биш хурцлах ёстой гэж үздэг учраас ийм шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдлээ. Байнгын хорооны даргын томилгоонд ялагдах, ялах нь гол биш оюун санаа, үнэт зүйлийн түгжрэлээс гарахын тулд зөв шийдвэрийг зоригтой гаргадаг байх шаардлагатайг тодотгоод, Д.Оюунхорол гишүүнд нэрээ татахыг уриалав.

    Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол хэлсэн үгэндээ, нэрийг нь дэвшүүлсэн, дэмжсэн гишүүддээ талархал илэрхйилэхийн зэрэгцээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны гэх том Байнгын хорооны даргаар ажиллаж байснаа онцлов. Тэрбээр, би 2012 онд парламентын гишүүн, тус байнгын хороонд ажиллаж байхдаа МАН-ын бүлгийн 26 гишүүнийг төлөөлж 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 40-өөд заалтыг оруулж ажиллаж байсан. Одоо МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжилтийг хангах, олон зүйл заалтыг ажил хэрэг болгоход туршлагыг маань авч ашиглая гэж бодож байх шиг байна. Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 12 нь тус Байнгын хороонд хамааралтай. Эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл шинжлэх ухаан зэрэг томоохон салбаруудыг бодлогоор хангаж ажилладаг яамдуудтайгаа хамтран ажиллаж, тухайн салбарын асуудлыг дагнан ажилладаг УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч олон асуудал шийднэ" гэж байлаа. 

    Ингээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу нэр дэвшигч тус бүрээр илээр санал хураалт явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхоролыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь, Улсын Их Хурлын гишүүн А.Ундрааг сонгох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 27.3 хувь нь тус тус дэмжлээ. Энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 
 
 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх