ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой хэрэгт 60 гаруй албан тушаалтныг шалгаж байна


Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл аваад зориулалтын дагуу ашиглаагүй, банк бус санхүүгийн байгууллагаа дэмжсэн болон өөр бусад зүйлд зориулсан гэх хэрэгт албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж эхлээд удаж буй.

Энэ асуудалд УИХ-ын таван гишүүн холбогдон шалгуулж байгаа бөгөөд тэднийг яллагдагчаар татах тогтоолдоо гарын үсэг зурсан байгаа. Харин одоо бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах эрх нь үүсч байгаа гэсэн үг юм.

Түүнээс гадна ЖДҮХС-тай холбоотой олон хүнийг шалгаж байгаа бөгөөд бүгдээрээ ч эрүүгийн гэмт хэрэгтэн болно гэж байхгүй. Зарим нь зээлээ зориулалтын дагуу нь авч ашигласан юм билээ гэдэг тайлбарыг албаны эх сурвалж хэлсэн юм.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар  “ЖДҮ-тэй холбоотой хэрэгт урьдчилсан байдлаар нийт 60 орчим албан тушаалтан, тэр тусмаа улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий компаниуд байж болзошгүй гэж шалгалтын дүн явагдаж байсан.

Эдгээрээс өнөөдрийн байдлаар УИХ-ын таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байгаа. Бусад албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Гэм буруутай үйлдэл нь нотлогдсон даруйд бид холбогдох журмын дагуу саналаа гаргаад цаашид явна. Гэхдээ эдгээр  албан тушаалтан бүгд гэм буруутай гэсэн үг биш.

Зарим нь УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд жижиг, дунд үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх гэж ЖДҮ эрхлэгчидтэй хамтран ажиллаж байсан зүйлс байгаа.
Зарим нэг нь орон нутгаас ирсэн хүсэлтүүдийг уламжилсан асуудал байгаа. Энэ нь өөрөө тусдаа эрх зүйн зохицуулалт бүхий асуудал учраас шууд гэмт хэрэг гэж үзэх боломжгүй” гэлээ.
 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх