Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

Улс төр Admin Today 2019 03 сар 27 189

УИХ-ын ээлжит бус чуулганы 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаан 17 цаг 04 минутад 50.7 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.  

Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын холбогдох хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэж, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж тус тус заасны “... хүндрүүлж ...”, “... эсхүл хүндрүүлж ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх ... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ... хүндрүүлж болно.”, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ... эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;”, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ... эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;”  гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх ...” гэснийг тус тус зөрчөөгүй байна гэж үзсэн байна.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж заасны “... хүндрүүлж ...” гэснийг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж заасны “...  эсхүл хүндрүүлж ...” гэснийг, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж заасны “...  эсхүл хүндрүүлж ...” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ.

Цэцийн энэхүү дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил, О.Батнасан нар цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийн заалт тус бүрээр санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.6-85.2 хувь нь Байнгын хорооны саналыг дэмжсэн бөгөөд гишүүдийн 88.9 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх