Гуайдог Венесуэлд буцаж ирвэл баривчилна

Дэлхий Admin Today 2019 03 сар 04 1118

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо эх орондоо эргэн ирэхийг оролдвол түүнийг баривчилна гэж тус улсын Варгас мужийн захирагч Хосе Луис Гарсиа Карнейро ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Уго Чавесын ойрын хамтран зүтгэгчдийн нэг байсан Карнейро 2004-2011 онд Венесуэлийн Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байжээ. Тэрбээр тус улсын Зэвсэгт хүчнийхэнтэй одоо ч холбоо харилцаатай байдаг байна.

Гуайдо өөрийн хяналтад байгаа мужаар дамжин эргэн ирэхийг оролдвол юу болох вэ? гэдэг асуултад хариулахдаа Карнейро “Венесуэлийн Дээд шүүх Гуайдог хилээр гарахыг хориглосон, харин тэр энэ шийдвэрийг зөрчсөн. Хэрэв тэр хилээр нэвтрэхийг оролдвол түүнийг шүүхийн шийдвэрээр баривчилна” гэж цохон хэлжээ.

Хуан Гуайдо даваа эсвэл мягмар гарагт Венесуэлд буцаж ирэхээр төлөвлөж буйгаа урьд нь мэдэгдсэн байна. Тэрбээр яаж ирэх гэж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Гуайдо тогтмол нислэгээр эсвэл хувийн нисэх онгоцоор ирж магадгүйгээс гадна хүмүүнлэгийн цуваатай хамт хил нэвтрэхийг үгүйсгэхгүй байна.

Венесуэлийн Дээд шүүх Гуайдог хилээр гарахыг хориглосон боловч зугтан гарч чадсан юм. Тэрбээр Колумбийн хил орчмын Кукута хотод хоёрдугаар сарын 22-нд ирсэн байна. Тус хотод Венесуэлийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж хуваарилах төвийг нээсэн юм. Хоёрдугаар сарын 25-нд Колумбийн нийслэл Богота хотод болсон Лимагийн бүлгийн орнуудын хуралд оролцсоныхоо дараа Гуайдо энэ долоо хоногт Венесуэлд буцаж очно гэж мэдэгджээ. 

Венесуэлийн сөрөг хүчний хяналтад байдаг парламент өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Гуайдог “хоёрдугаар сарын 23-наас хойш тав гаруй хоног” хилийн чанадад байхыг зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх