БНАСАУ-Вьетнамын харилцааг шинэ түвшинд гаргана

Дэлхий Admin Today 2019 03 сар 04 539

БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун Вьетнам улстай бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахаар төлөвлөж буйгаа тус улсын Ерөнхийлөгч Нгуен Фу Чонгтой баасан гарагт уулзахдаа мэдэгджээ. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна. 

“Нам хоорондын болон төр хоорондын идэвхтэй хамтын ажиллагаагаар дамжуулан бид эдийн засаг, шинжлэх ухаан-техник, батлан хамгаалах, спорт, соёл урлаг, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг бүх салбарт хамтын ажиллагаа, солилцоогоо хэвийн болгож, харилцаагаа шинэ түвшинд гаргах ёстой” гэж Ким Жөн Ун мэдэгдсэнийг тус агентлаг уламжилжээ. “Энэ бол хоёр орны хоорондын хамтын ажиллагааны найрсаг харилцааны төрлөөр залгамжлагдан үлдэх манай хоёр улс болон хоёр намын гуйвшгүй байр суурь юм” гэж БНАСАУ-ын удирдагч нэмж хэлсэн байна.

Вьетнамын Ерөнхийлөгч Нгуен Фу Чонг хариуд нь “Солонгосын ард түмэн Солонгосын Хөдөлмөрийн намын удирдлага дор, нөхөр Ким Жөн Уны удирдлага дор социалист бүтээн байгуулалтад, улс орныг хөгжүүлэх, ард түмний амьдралыг сайжруулахад илүү их амжилтад хүрнэ” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. "Вьетнамын Ерөнхийлөгч мөн БНАСАУ болон АНУ-ын хооронд хийж буй хэлэлцээнд талууд үр бүтээлтэй, эерэг байр сууринаас хандаж буйг өндрөөр үнэлээд хоёр дахь дээд хэмжээний уулзалт явуулах газраар Ханой хотыг сонгосон нь улс орнуудын хоорондын итгэлцлийг харуулж байна гэдгийг онцлон тэмдэглэлээ" гэж Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг цохон тэмдэглэжээ.  

Ким Жөн Ун хоёрдугаар сарын 26-нд Ханойд хүрэлцэн очсон бөгөөд 27, 28-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай дээд хэмжээний уулзалт хийснийхээ дараа тэрбээр Вьетнам улсад албан ёсны нөхөрсөг айлчлалаа эхлүүлж, тус улсын удирдлагатай хэлэлцээ хийсэн байна. Вьетнам улсад БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ир Сен 55 жилийн өмнө айлчилж байв. Ким Жөн Ун өвөөгийнхөө явсан чиглэлээр Пёньянаас Вьетнам хүртэл 4100 гаруй км замыг хуягт галт тэргээр туулжээ. Уг галт тэргийг мөн 1964 онд ашиглаж байсан байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх