Ри Ён Хо: БНАСАУ байр сууриа өөрчлөхгүй

Дэлхий Admin Today 2019 03 сар 01 937

АНУ-ын тал яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг эрмэлзэж байгаа бол БНАСАУ-ын байр суурь өөрчлөгдөхгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо мэдэгдэв. Энэ тухай тэрбээр АНУ-БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт тохиролцоонд хүрч чадалгүй өндөрлөсний дараа мэдэгдсэн байна.

“БНАСАУ-ын эсрэг авсан бүх хориг арга хэмжээг цуцлахыг Ким Жөн Ун хүссэн бөгөөд энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан” гэж АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп мэдэгдсэн билээ.

Харин пүрэв гарагийн орой болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ри Ён Хо хэлэхдээ, БНАСАУ бүх хориг арга хэмжээг бус тэдгээрийг хэсэгчлэн цуцлахыг хүссэн гэжээ. Мөн тэрбээр, манай улсын талаас Йонбен цөмийн цогцолборын үйл ажиллагааг АНУ-ын шинжээчдийн ажиглалт дор бүрэн зогсоох зэрэг “бодит” саналуудыг тавьсан гэж хэлжээ.

“БНАСАУ болон АНУ-ын итгэлцлийн одоогийн түвшинд цөмийн зэвсгээс ангижрах талаар бидний гаргаж чадах хамгийн том шийдвэр бол энэ санал байсан” гэж тэрбээр нэмж хэлжээ. Үүний хариуд БНАСАУ-ын эдийн засаг, ард иргэдийн амьжиргааг сайжруулахын тулд тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг хэсэгчлэн цуцлахыг хүссэн ажээ.

Түүнчлэн Пёньяны талаас цөмийн болон холын зайн тусгалт пуужингийн туршилтыг бүр мөсөн зогсоох саналыг тавьсан бөгөөд Ханойн дээд хэмжээний уулзалт шиг ийм боломж дахин олдох нь юу л бол гэж Гадаад хэргийн сайд хэлсэн байна.

“Бидний зарчим хувиршгүй бөгөөд АНУ ирээдүйд хэлэлцээ хийхийг санал болгосон тохиолдолд ч бидний санал өөрчлөгдөхгүй” гэж Ри Ён Хо сэтгүүлчдэд мэдэгджээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх