Оросын парламентын гишүүн Рауф Арашуковыг баривчилжээ

Дэлхий Admin Today 2019 02 сар 02 766

ОХУ-ын Карачай-Черкесийн Сенатын танхимын гишүүн Рауф Арашуковыг Холбооны Зөвлөлийн хуралдаанд оролцож байх үеэр нь энэ сарын 30-нд баривчлан саатуулжээ. Мөрдөн шалгах байгууллагууд түүнийг хүн амины гэмт хэрэг үйлдсэн, гэмт бүлэглэл байгуулсан, гэрчүүдэд дарамт шахалт үзүүлсэн гэх 3 зүйл ангиар буруутгажээ. 

Түүний эцэг бөгөөд "Газпром межрегионгаз" компанийн Ерөнхий захирлын зөвлөх Рауль Арашуковыг мөн гэмт хэргийн бүлэглэл байгуулж, луйвар үйлдсэн хэрэгт сэжиглэн баривчлаад байгаа аж. Тэднийг хоёр сарын хугацаатай баривчилжээ.

Өдгөө 32 настай парламентын гишүүн Рауф Арашуковыг парламентын дээд танхимын хуралдаанд сууж байхад нь баривчилсан байна.

Рауф Арашуковыг баривчлан саатуулж, нэгжлэг хийх зөвшөөрлийг Холбооны Зөвлөл өгчээ. Сенатч Андрей Клишасын ярьснаар, парламентын дээд танхимд дамжуулан өгсөн Арашуковын хэргийн материал 500 орчим хуудастай байжээ.

Тэрбээр одоогийн байдлаар сенатын танхимын гишүүн хэвээр байгаа бөгөөд түүнийг зөвхөн шүүхийн шийдвэрээр эсвэл Арашуковын мэдэгдлээр гишүүнээс нь чөлөөлнө гэж Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко мэдэгдсэн байна.

Рауф Арашуков 2016 оны 9 дүгээр сарын 18-н сенатчийн бүрэн эрхээ авч байжээ. Тэрбээр Ставрополийн хязгаарын буяны санг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч нь юм. Түүнчлэн Ставрополийн хязгаарын "Арр" спортын клубын дарга байжээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх