Цэрэг амиа алдсан ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлжээ


Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг өнөөдөр /2019.01.30/ үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнтэй хамт хэд, хэдэн хүнийг ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй гэсэн үндэслэлээр чөлөөлсөн гэх мэдээлэл байна.

Тус ангид алба хааж байсан хугацаат цэрэг 2019 оны нэгдүгээр сарын 24-нд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн мөрөөр Зэвсэгт хүчний жанжин шатбаас ажлын хэсэг байгуулагдан тус ангид ажилласан бөгөөд хэд, хэдэн ноцтой зөрчил илрүүлсэн тухай холбогдох албаныхан мэдээлж байв.

Мөн Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийх үеэр Бригадын генерал Б.Амгаланбаатар “Гүйж чадахгүй байхад нь тухайн хариуцаж байсан ахлагч жагсаал гүйцэхгүй баашиллаа гээд цохисон асуудал байна. Үүнийг нуухгүй. Гэхдээ үхэлд хүргэсэн эсэхийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоох байх. Цохисон болохыг хажууд байсан цэргүүдийн яриагаар нотолсон” гэж тайлбарласан.

Хохирогчийн өмгөөлөгчид болох өмгөөлөгч Б.Өлзийцэрэн нар “Талийгаачийг өөрөө гүйж явахдаа бахардаж унасан гэсэн асуудлыг ярьж байгаа. Гэвч бахардаад унахад нь ахлагч нь өшиглөж харгисаар зодсон тухай хамт гүйж байсан цэргүүд нь гэрчилсэн” гэж мэдээлэл хийж байсан юм.

Дашрамд дурдахад, Зүүнбаян дахь тус ангид 2017 оны өвөл нэг цэрэг цагийн манааныхаа байрлалыг орхин ахлагчдаа шийтгүүлж, улмаар есөн хуруугаа хөлдөөж тайруулсан харамсалтай хэрэг гарч байсан аж. Мөн хурандаа Д.Өлзийбаяр өмнө нь Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан бөгөөд энэ үед хоёр алба хаагч хээрийн сургуулилтын үеэр гранатад өртөж амиа алдсан дуулиант хэрэг мөн болж байжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх