Г.Мандахнаран Красноярскийн дэвжээнд үзүүрлэв

Урлаг, Спорт Admin Today 2019 01 сар 26 409

Алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн ОХУ-ын Красноярск хотод үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр/01.25/ эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд явагдаж, манай бөхчүүд нэг мөнгө, таван хүрэл медаль хүртлээ. Ингээд бөхчүүдийнхээ барилдааны мэдээллийг тоймлон хүргэе.



Б.БОЛОРТУЯА КРАСНОЯРСКООС МАНАЙХНЫ АНХНЫ МЕДАЛИЙГ АВЧРАВ



Монголын баг тамирчдын медалийн салхийг эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд спортын мастер Бат-Очирын Болортуяа хагалж, хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдвэрлэх барилдаанд өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн болон ЕАШТ-ий хүрэл медальт эзэн орны Екатерина Вербинатай хүч үзэв. Тэрбээр хэсгийн барилдаанд түүнийг 6:4-өөр ялсан бөгөөд энэ удаа 7:5-аар дахин илүүрхснээр шагналын тавцанд зогслоо.

50 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Анударь хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Дуалетбик Якшимуратовад 2:3-аар ялагдсан юм.

А.БАТЦЭЦЭГ ГУРВАН ӨӨР ЖИНД ДӨРӨВ ДЭХ МЕДАЛИА ЗҮҮЛЭЭ




Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг ОХУ-ын Зелфира Садраддиноваг 7:4-өөр ялснаар манайхны хоёр дахь, өөрийнхөө дөрөв дэх медалиа хүртэв. Тэрбээр Красноярскт гурван өөр жинд (2014 онд 53 кг-д хүрэл, 2015 онд 55 кг-д мөнгө, 2017 онд 55 кг-д хүрэл, 2019 онд 59 кг-д хүрэл медаль хүртсэн) медаль хүртээд байна.

З.БОЛОРТУНГАЛАГ ӨНГӨРСӨН ЖИЛИЙН АМЖИЛТАА БАТАТГАЛАА




Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ОУХМ Зоригтын Болортунгалаг хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Динара Саликоваг цэвэр ялж манай тамирчдын гурав дахь медалийг авчирлаа. Тэрбээр өнгөрсөн жил тус тэмцээнд хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ удаа амжилтаа бататгаж, хошой медальтан болов.

Н.НАСАНБУЯН ГРАНПРИГААС АНХНЫ МЕДАЛИА ХҮРТЭВ




Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Нармандахын Насанбуян хүрэл медаль хүртлээ. Н.Насанбуян медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын Зоу Ванхаотай хийж урамтай сайхан барилдаж 4:4-өөр ялснаар Гранпри тэмцээнээс анхны медалиа зүүв. 

Харин гавьяат тамирчин Э.Бэхбаяр хүрэл медалийн төлөөх барилдаанд “Парис-2017” ДАШТ-ий мөнгөн медальт АНУ-ын Томас Гилманд 8:14-өөр ялагдлаа.

МАНАЙХНЫ ТАВ ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭН Э.БЯМБАДОРЖ




Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд спортын мастер Энхбаярын Бямбадорж хүрэл медалийн эзэн боллоо. Энэ нь манайхны тав дахь хүрэл медаль болж байна. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Асхат Слямхановыг 8:0-ээр ялж шагналын тавцанд зогсох эрхтэй боллоо.
 
Г.МАНДАХНАРАН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ




Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран мөнгөн медаль хүртэв.  Тэрбээр шөвгийн наймд нутгийн тамирчин Э.Бямбадоржийг оноогоор цэвэр (10:0), хагас шигшээд Казахстаны Асхат Слямхановыг 9:4-өөр тус тус ялсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн хошой аварга эзэн орны Магомедрасул Газимагомедовт цэвэр ялагдлаа.

Мандахаа гавьяат гурван жилийн өмнө нь Красноярскт хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ удаа амжилтаа ахиулж үзүүрлэв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх