"Боинг-747" онгоцыг живүүлжээ

Дэлхий Admin Today 2019 01 сар 26 3966

Бахрейн улс дэлхийн өнцөг булан бүрээс усанд шумбагчдийг татах зорилгоор 100,000 хавтгай дөрвөлжин талбайг хамарсан “усан парк” байгуулжээ.

Усан паркийн гүнд ашиглалтаас гарсан 70 метр урт "Боинг 747" нисэх онгоцыг живүүлэн байрлуулсан нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байгаа аж.

Бахрейны Байгаль орчны асуудал хариуцсан дээд зөвлөл болон Аялал жуулчлал, үзэсгэлэнгийн асуудал хариуцсан удирдах газар хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран энэхүү усан доорх парк байгуулах төслийг хэрэгжүүлжээ.

 

Тус улсын мэдээллийн агентлагийн мэдээлснээр, шумбагчид усан доорх паркаас Бахрейны алдарт сувдны худалдаачны байшин, хиймэл шүрэн хад, уран баримал зэргийг үзэх боломжтой аж.

Харин нисэх онгоцыг усны гүнд үзмэр байдлаар живүүлсэн нь анхны тохиолдол биш юм. Өмнө нь 1993 онд Майами хотын эрэг орчимд "Боинг 727" онгоцыг живүүлж байжээ.

Сүүлийн жилүүдэд усан доорх аялал жуулчлал нэлээд дэлгэрч байгаагаас дурдвал Мальдивт усан дор зочид буудал, АНУ-ын Флорида мужид музей байгуулаад байгаа юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх