У.Хүрэлсүх: Монгол төрийг нуруун дээрээ үүрч яваа улсууд бол төрийн албан хаагчид

Улс төр Admin Today 2019 01 сар 25 419

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, төрийн албан хаагчдад хандан үг хэлж, зарим үүрэг даалгаварыг өглөө.

Төрийн албан хаагчид та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Засгийн газраас 2019 оны “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлээс “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан зорилтот жилийн нээлтийн арга хэмжээнд оролцож байгаадаа Ерөнхий сайдын зүгээс баяртай байна. Төрийн албан хаагчид та бүхэнтэй уулзаж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, та бидний өмнө тулгамдаад буй хүндрэл бэрхшээлтэй асуудал, засаж залруулах зүйл, ажилдаа тусгаж ажиллах асуудлын талаар хэлж ярилцах боломж олгож байгаад баярлаж байна. Миний бие ирэх саруудад дүүргүүдэд ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

2016 оны улс төрийн сонгуулийн үр дүнд шинэ Засгийн газар байгуулагдсан. Улс эх орны нийгэм, эдийн засаг муудсан, сахилга хариуцлага суларсан, нөхцөл байдал маш хүнд байсныг та бүхэн мэдэж байгаа. Тэр үетэй харьцуулахад өнөөдөр нөхцөл байдал сайжирсан. 2016 онд эдийн засаг 1.2 хувьд хүрч унасан байсан бол өнөөдөр эдийн засгийн бодит өсөлт 6.4 хувьд хүрсэн.

Өнгөрсөн онд 80 мянга гаруй хүүхэд шинээр мэндэлсэн, мал сүргийн тоо 66.4 сая хүрч өссөн, 19 сая төл хүлээн авсан. Өнгөрсөн хавар 390 мянган га талбайд үр тариа, 70 мянган га талбайд тэжээлийн ургамал, 20 мянган га талбайд төмс, хүнсний ногоо тарьсан байна. 2017 оны үзүүлэлтээс хоёр дахин нэмэгдсэн. Өнөөдөр Монгол Улс улаан буудай, гурил, төмсөөр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болсон. Энэ бол том амжилт. Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 12.9 тэрбум ам.долларт хүрлээ. Өнгөрсөн оны мөн үеэс 22.3 хувиар өссөн. Экспортын орлого 7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 хувиар өссөн байгаа. Монгол Улс түүхэндээ анх удаа өнгөрсөн онд 35.7 сая тонн нүүрс экспортод гаргасан. Үүнээс бид 2.8 тэрбум ам.долларын орлого олсон. 1.4 сая тонн зэсийн баяжмалыг экспортод гаргаж, 2 тэрбум ам.долларын орлого олж Монгол улсын эдийн засгийг өсөж дэвжихэд дэмжлэг үзүүлсэн. Нийт экспортын 68 хувийг зэсийн баяжмал, нүүрс эзэлж байна. Нэг ёсондоо Монгол Улс уул уурхай дээр суурилж амьдарч байна. Уул уурхайтай зэрэгцээд хөдөө аж ахуй, газар тарилан, мал аж ахуй, ЖДҮ-ийн салбараа хөл дээр нь босгох ёстой. Хоёр тулгуурт эдийн засгийн бүтэцтэй болъё гэж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газар зорилт тавин ажилласан. Энэ нь бас үр дүнгээ өгч эхлээд байна. Өнгөрсөн онд 54.7 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргаж 136.5 сая ам.долларын орлого олсон нь урд жилүүдээс хэд дахин их юм. Тийм учраас энэ салбаруудыг хөл дээр нь босгохын тулд ихээхэн анхааран ажиллах ёстой.

Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл сайн гарсан. Сүүлийн найман жил Монгол Улсын төсвийн алдагдалтай гарч байсан бол өнгөрсөн жил төсөв 12 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Цаашдаа төсвийн алдагдалгүй, шаардлагагүй зүйлд төсөв зардаггүй, эрүүл төсөвтэй улс болох ёстой. Өнгөрсөн онд төсвийн тодотгол хийгээгүй. Өмнөх жилүүдэд 1-3 удаа төсөвт тодотгол хийдэг байсан. Төсвийн тодотгол бол сахилга бат алдагдуулдаг, замбараагүй байдал үүсгэдэг. 2018 оноос өмнө Монгол Улс төсвийн таван данстай байсан бол өнөөдөр нэг л данстай болсон. Олон улсын валютын сан болон бусад банк санхүүгийн байгууллагаас манай улсын төсвийн сахилга бат эрс сайжирч байгааг үнэлсэн. Монгол Улсын зээлжих зэрэглэл унаад С зэрэглэл дээр очоод байсан бол өнөөдөр хоёр шат ахиж В зэрэглэлд хүрсэн.

Монгол Улсын Засгийн газар 6 их наяд орчим төгрөгийг өрөнд төллөө. Бид өрөө дарж барагдуулах ёстой. Өрийн дарамтнаас гарсан. 2019, 2020 онд Монгол Улс өргүй байна. 2021 оноос тодорхой хэмжээний өр төлбөрийг төлөх график гарч байгаа. Засгийн газрын өр 2017 оны жилийн эцэст 27.7 их наяд төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар 21 их наяд төгрөг байна.

Төрийн албан хаагчдын цалинг өнгөрсөн онд 8 хувиар нэмсэн. Энэ оны нэгдүгээр сараас эхлэн мөн тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна. Эмч эмнэлгийн ажилчдын цалин 16-40 хувиар нэмэгдсэн. Бид олсон орлогоо ард түмэндээ хүргэхээр зорьж байгаа. Бидний өмнө тулгамдаад буй асуудлууд өргөс аваад хаячихаж байгаа мэт нэг л өдөр бүх юм сайхан болчихгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Хүндэрсэн нөхцөл байдал эдийн засгийн хямралаас өдөр, шөнө, нойр хоолгүй зүтгэж байж гарна. Энэ ажлыг зохион байгуулж, хийх ёстой хүмүүс бол өнөөдөр энд сууж байгаа та бүхэн. Монгол төрийг нуруун дээрээ үүрч яваа улсууд бол төрийн албан хаагчид та бүхэн. Та бүхний хүчин чармайлт, сэтгэлийн тэнхээ, ажлын хариуцлагаас Монгол Улсын хувь заяа шууд шалтгаалж байгаа.

2016 онд нэг тэрбум ам.доллар хүрэхгүй валютын нөөцтэй байсан бол хоёр жилийн хугацаанд Монгол Улс 3.4 тэрбум ам.долларын валютын нөөцтэй болсон. 2016 онд улсаа дампуурсан гэдгээ дэлхийд зарлах эсвэл олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж энэ хүнд нөхцөлөөс гарах гэсэн хоёр зам байсан. Бид хоёр дахь замыг нь сонгосон. ОУВС-д хандаж өнөөдөр бид эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарлаа. ОУВС өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зургаа дахь шатны үнэлгээгээ хийсэн. Монгол Улсын эдийн засагт нааштай ахиц дэвшил гарч байгааг тэмдэглэсэн.

Өнөөдөр Монголын төр бүх хүнийг ажлын байраар хангаж чадахгүй. Гэхдээ бүх хүмүүсийг ажлын байртай байлгахын тулд зүтгэж, зохион байгуулалтын ажлыг хийж өгөх ёстой. Тэр нь юу вэ гэвэл хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, ААН, ЖДҮ-г дэмжих ёстой. Төр өөрөө асар том худалдан авагч, тэдний үйлдвэрлэлийг дэмжиж, худалдан авалт хийдэг байх ёстой.

Бид 60 жил нефтийн үйлдвэр ярьсан. Өнөөдөр бид үйлдвэрээ барьж эхлээд байна. Бид жил тутам нэг тэрбум ам.доллар ОХУ-д төлж нефть авч байна. Энэ мөнгө гадагшаа гарахаа болино гэсэн үг.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид шударга, ёс, сахилга, хариуцлагаа чангатгаж, төрийн үйлчилгээг ёс зүйтэй, ил тод, авлигагүй, алгачилгүй, тэгш хүртээмжтэй хүргэх ёстой. Нийгэмд шударга ёсыг тогтоохын тулд бүх төрийн албан хаагч бүгд нэг дуу хоолойгоор хуулийн хүрээнд тэмцэх хэрэгтэй. Төрийн албыг цэвэр ариун байлгахын төлөө хичээн зүтгэхийг төрийн албан хаагчид та бүхнээс чин сэтгэлээсээ хүсч байна.

Улаанбаатар хотод хийх ажил маш их бий. Хотод маань утаа, авто машины түгжрэл, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, гэмт хэргийн гаралт зэрэг тулгамдсан асуудал их байна. Бид Улаанбаатар хотоо утаанаас салгах хэрэгтэй. Анхны алхам нь явж байгаа. Сайжруулсан түлшний үйлдвэр бид байгуулсан. Энэ жилийн тавдугаар сараас түүхий нүүрсийг ахуйн хэрэглээнд хэрэглүүлэхгүй. Бид сайжруулсан түлшээр хангаж өгнө. 220 мянган айл, 3300 бага оврын уурын зуух түүхий нүүрс түлж байна. Айл өрхүүд сайжруулсан түлш түлж, бага оврын уурын зуухны янданд шүүлтүүр тавихад агаарын бохирдол 50 хувиар бууна гэдгийг эрдэмтэд хэлж байна. Үүний зохион байгуулалтын ажлыг хот хийх ёстой. Уурын зуухунуудаа төвлөрсөн дулаанд холбох ажлууд хийгдэж байна. Утааг хамгийн сайн шийдэж чадах ажил бол орон сууцжуулах. Тийм учраас засгийн газраас дагуул хотуудыг барих асуудлыг шийдэж өгсөн. Мөн их дээд сургуулиудаа хотоос гаргах ёстой. Хот гэдэг бол том айл. Боломж нөхцөл, хөрөнгө санхүү байгаа. хотод бас хийж чадахгүй ажил ч бий. Түүнийг нь Засгийн газар дэмжиж өгье гэж байгаа. Цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг БНХАУ-ын Засгийн газрын тусламжтайгаар энэ хавраас эхлүүлнэ. Бүх зураг төслүүд нь батлагдсан. Энэтхэг улстай хамтраад нефтийн үйлдвэрээ барина. ОУ-ын нисэх онгоцны буудлаа ирэх долоодугаар сард ашиглалтад оруулна. Энэ мэтчилэн Улаанбаатар хотод олон чухал ажил байгаа.

Цаашдаа нийгэмдээ шудрага ёсыг тогтоохын төлөө, хариуцлагатай, сахилга баттай, төрийн албыг дэг журамтай болгохын төлөө, улсынхаа унаж буй эдийн засгийг тогтоож өсөлтийг хангахын төлөө, ядарсан ард иргэдээ аз жаргалтай амьдруулахын төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе. Төрийн албан хаагчид та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2019 01 сар 25

ерөнхий сайдыг дэмжиж байна Залуу хүнийг бид дэмжих ёстой эдийн засаг сайжирсан нь үнэхээр амжилт юм даа