С.Амарсайхан хотын дарга болно, оронд нь хэн очих вэ

Улс төр Admin Today 2019 01 сар 16 392

Хотын дарга хэн болох нь ер нь бол тодорхой болчихсон байгаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханг зүтгүүлсээр Удирдах зөвлөлөөрөө дэмжүүлж чадсан. Өнөөдөр болох НИТХ-ын хурлаар С.Амарсайханг хотын даргаар томилно.

Нөгөө талаар энэ удаагийн хотын даргын томилгоо, тохирцоо тийм ч амар байгаагүй. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар өөрийн хүнээ  зүтгүүлсэн ч тэр ялагдаж,  намын даргынх нь тал ялсан. Тэрээр удирдах зөвлөлийн хурал дээр “Би нийслэлийн МАН-ыг авах гэж ямар их хичээл зүтгэл гаргалаа. Тиймээс хотын даргад өөрийн хүнийг томилох хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн байдаг.

Гэсэн ч түүний хүсэл талаар болж энэ асуудлаас болж МАН-ын дарга У.Хүрэлсүх, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нарын дунд үл ойлголцох байдал ч үүссэн юм билээ. Д.Сумъяабазар анхнаасаа Баянзүрх дүүргийн Засаг дарга, Хотын даргын орлогч асан Д.Мөнхбаатарыг зүтгүүлж эхэлсэн байдаг.  Гэсэн ч Д.Мөнхбаатар нэрээ татаж, Барилга,хот байгуулалтын дэд сайд болсон. Д.Сумъяабазарын дараагийн дэмжиж дэвшүүлсэн хүн нь нийслэлийн МАН-ын бүлгийн дарга Р.Дагва байсан.

Р.Давгыг эрх баригч намын удирдах зөвлөл нь Хотын даргад дэмжээгүй. Тэгэхээр нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар ууртай байх нь аргагүй. Одоо С.Амарсайхан хотын дарга болчихвол Нийслэлийн МАН-д НИТХ-ын дарга гэсэн суудал гарч ирнэ. Энэ албан тушаал дээр Д.Сумъяабазарт өөрийн хүнээ томилох боломжтой.

Тэгвэл өчигдөр болсон МАН-ын  Удирдах зөвлөлийн хурлаар Р.Дагвыг НИТХ-ын даргад дэмжжээ. Р.Дагва нь 1966 онд төрсөн. МУИС, ИЗОУИС, Удирдлагын академи тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр МҮОНРТ-ээс хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд НЗДТГ-т Хэвлэл, мэдээллийн албаны дарга, СХД-ийн Орлогч даргаар тус тус ажиллаж байсан юм байна.

 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх