Иванка Трампыг ДБ-ны ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшүүлж магадгүй гэх мэдээллийг няцаав

Дэлхий Admin Today 2019 01 сар 15 552

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трампыг Дэлхийн банкны /ДБ/ ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшигчийн хувиар судлаагүй. Гэхдээ тэрбээр нэр дэвшигчдийг сонгоход тусална гэж Цагаан ордны төлөөлөгч Жессика Дитто мэдэгдсэн тухай Politico сонинд мэдээлсэн байна.

“Иванка Трампыг нэр дэвшүүлж магадгүй гэх мэдээлэл худал юм” гэж тэрбээр мэдэгдсэн байна. “Сүүлийн хоёр жил Иванка Трамп Дэлхийн банкны удирдлагатай нягт холбоотой ажиллаж байсан учир нэр дэвшигчдийг сонгоход туслах хүсэлтийг” түүнд АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, Цагаан ордны тамгын газрын даргын үүргийг гүйцэтгэгч Мик Мэлвани нар тавьсан гэж Дитто онцлон дурджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп болон АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн албанаас саяхан огцорсон Никки Хейли нарыг ДБ-ны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх боломжийг тус улсын засаг захиргаа судалж байгаа тухай Financial Times сонин баасан гарагт эх сурвалжуудынхаа мэдээллээс иш татан уламжилсан юм. Тус сонинд мэдээлснээр, нэр дэвшүүлж магадгүй бас нэг хүн бол Олон улсын хөгжлийн агентлагийн захирал Марк Грин аж. Трампын засаг захиргаа АНУ-ын Сангийн сайдын олон улсын хэрэг эрхэлсэн орлогч Дэвид Мэлпасыг энэ албан тушаалд нэр дэвшүүлж магадгүй гэж The Daily Caller цахим хэвлэл урьд нь мэдээлж байжээ. Тэрбээр консерватив үзэл бодлоороо олны дунд алдартай байна.

Америкчуудад хөгжиж буй орнуудаас өрсөлдөгчид гарч ирж магадгүй гэж Financial Times сонинд онцлон тэмдэглэжээ. Тухайлбал, Нигери улсын эдийн засагч Нгози Оконьо-Ивевале, Африкийн хөгжлийн банкны ерөнхийлөгч асан, Руандагийн эдийн засагч Дональд Каберук, Индонезийн Сангийн сайд Сри Мульяни Индравати нар аж.

ДБ-ны ерөнхийлөгч Жим Ён Ким хоёрдугаар сарын 1-нээс албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн билээ. Одоогоор тус банкны гүйцэтгэх захирал Кристалина Георгиева ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байгаа юм.

ДБ-ны тэргүүний албан тушаалд нэр дэвшигчдийг хоёрдугаар сарын 7-ноос гуравдугаар сарын 14-ны хооронд танилцуулах ёстой гэж тус банк өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт мэдээлжээ. Нэр дэвшигчдийг танилцуулсны дараа доод тал нь гурван хүнийг сонгох бөгөөд шинэ ерөнхийлөгчийг дөрөвдүгээр сарын 12-14-нд АНУ-ын Вашингтон хотод болох ДБ болон ОУВС-гийн удирдах зөвлөлийн хурлаас өмнө сонгох төлөвтэй байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх