Ч.Галсан: ЯЛ

Энтертайнмент Admin Today 2018 07 сар 25 810

Басанз жаран нэгнийхээ жил дээр зургаан сараар тэнсэн харгалзах ял шийтгүүлэв. Нийгмийн өмч үрэгдүүлсэн гэнэ. Урьд хаврын зудаар мал үхүүлснийг хуулийн хэлээр ингэж нэрлэх аж. Уг нь зэмлэл дуулаад л өнгөрөх байжээ. Гэтэл өөрөөс нь боллоо. Олон цугласан хурал дээр муугий нь дуудсан нэгэнд “Зүдэрч байхад атга өвс өгөөгүй байж битгий дөвчигнөөд бай. Арван хэдэн төлөг байтугайг наад нэгдэлд чинь оруулсан би!” гэчихсэнээс болж гурвалжин дөрвөлжин хэрүүлд орооцолдон, сүүлдээ ч бүр улаан цаймдаа гарч, хурлын тэргүүлэгчдийн өөдөөс нударга зангидаж байгаад “Олны буянаар та нар шиг л гараа угаагаагүй. Шорон чинь авдаг юм бол та хэдтэй цуг л очно доо!” гэж бархирахдаа хүрчээ.
Түүнээс хэдэн сарын хойно, тийм юм болсныг өөрөө ч мартчихсан явж байтал нэг өдөр отрын бэлчээрээс дуудан авчирч сумын төвд хэд хоногийн турш хашиж байгаад байцаасны эцэст ял сонсгох нь тэр.
Өвгөн муужрах шахлаа. Энэ нь айснаас биш, уурласнаас болжээ. Тэгээд ч шүүхийн индрийн сүлд рүү гараараа чичлэн байж “Халуунд халж, хүйтэнд хөрч явж өсгөсөн хэдэн малаа улаан мөнгөний үнэгүй өгч, бас дээр нь хэд нугалан өсгөж өгөх гэж явсаар байгалийн зудын өмнө аргагүй хүчин мөхөсдөхийн эрхэнд цөөнийг хорогдуулсныг үрэгдүүллээ гэж, бас өнөө хэдэн малаар л арилжиж авчирсан, хоногт хонины идэштэй машин нэртэй мангас хөлөглөн улсын ажлаас илүү хувийн цэнгэл хөөх эрхтэн дархтаны үнэнийг хэлснийг гүтгэлээ гэж яллаж байгаа юм бол наадах чинь сохорсон, хөдөөний хөгшин надаас дор зөнөсөн төр байна!” гээд тавьчихлаа.
Дааганаас болдоггүй, дарвагар амнаас болдгийг тийнхүү бас л ухаараагүй байжээ. Хэрэг задарч, мань хүн амны бэлгээс ашдын бэлгэ гэгчээр ёрлоод байсан шорондоо үнэхээр л явах боллоо. Харин цуг авч явахаар амлаад байсан хүмүүсийнхээ барааг ч олж харсангүй.
Шоронгийн хаалга татах эгшинд Басанзын ууц нуруу бадайран хөшиж, элэг дотор цанхайн хүндрэх шиг болох мөртөл, ухаан санаа нь саруулсаад явчихсан нь гайхалтай. Туулж енгөрүүлсэн нэгэн жаран нүднийх нь өмнө хормын дотор хөврөн өнгөрөв. Балчир, залуу, идэр, өтлөх насны хооронд зааг ялгаа байсангүй, үргэлжийн зав зайгүй, бусдын эрхэн дор амьдрахдаа жинхэнэ амьдрал хараахан эхлээгүй, харин хариугүй эхлэх юм шиг хүлээж, хууртсаар өнгөрчээ. 
Хүн болох, мал маллах, өрх тэргүүлэх, үр удмаа үлдээх гэж үйлээ үзсэний хэрэг гарсангүй. Өөрөө ажлын адгуус, мал нь бусдын идэш болж, эхнэр нь эхний шөнөөс л хажиглаж, үр хүүхэд нь өөрсдийн жаргалыг хайж хаяад арилжээ. Yе үе алдас үйлдэж, муу нэр дуулж явсан нь эл байдлыг мэдэрснээс үүдэж байсныг сая л ухаарлаа. Амьдрал нь ял байжээ.
Ная хол гараад өнгөрсөн эцгийнхээ насаар баримжаалан бодоход алд ялын дэлэмийг нь эдэлж элээгээд байгаа бололтой.
Дутууг үлдээхээр тэрээр шийдлээ.
Тэгээд өгсөн хоол, цай руу нь харсан ч үгүй. Уулын мухар дахь шорон бол хотын төв талбай биш болохоор тэнд түүнийг хэн ч өлсгөлөн зарлалаа хэмээн хөөргөж, баатар болгох гэж төвөг удсангүй. Харин ч гөжүүд өвгөний хувийг хүртээд зарим хүн баяртай байв.
Басанзыг үхэхэд эмч ирж “насны доройтол” гэсэн онош тавив. Дараа нь түүний цогцсыг шороонд булж, нэрийг нь ялтны данснаас хаслаа. Амьдрал нэртэй ялаас ангижрах нь тэр ээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх