Ч.Буян: Бөхөө дээдэлдэг Монголчууд

Энтертайнмент Admin Today 2018 07 сар 25 786

/хошин өгүүллэг/

Энэ хэрэг дурлалаас үүдсэн юм. Наймдугаар ангид орсон жилээ ангийнхаа Цэцгээ гэдэг охинд найгүй дурлав аа. Харамсалтай нь Цэцгээ намайг нэг нүдээр ч үзсэнгүй “Маанаг, дүнхүү, хөлдүү”-гээр цоллоно. Гэвч түүнийг харамлан үеийнхээ хөвгүүдтэй зодолдож явсаар нэг л мэдэхэд захирлын өрөөнд дуудагдав.
-Яасан зодоонч эр вэ, “Хүүхдийн Голланд” явуулна даа гэж өвгөн захирал хөмхий зуухад хажуунаас нь хүмүүжлийн эрхлэгч “Хүүхдийн колони” гэж засав. 

Сургуулиас хөөгдөх “тойрох хуудсан” дээр захирал яг гарын үсэг зурах агшинд гаднаас биеийн тамирын багш жижиг цаас барьсаар ороод ирлээ. Захирлын чихэнд нэг зүйл аминчлан шивэгнэн хоорондоо шулганалдаж байснаа, тэр хоолой засч, хөмсгөө тас зангидаад:
-Чамд боломж олгоё. Чи аймгийн өсвөр үеийнхээ үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнд орж, амжилт гаргавал сургуулиас хөөхөө түр азная гэдэг байгаа. “Захирал аа, ингэхэд би бөхийн мэх мэдэхгүй ш дээ” гэхэд биеийн тамирын багш:
-Барилдана гэдэг чинь, зодолдохоос нэг их ялгаагүй ганцхан хазаж, үсдэж болохгүй, бас хараал хэлж болохгүй гэлээ. Ингээд миний хувь заяа 180 хэм эргэсэн юм даа. Зодолдсоор ноцолдсоор, зууралдсаар нэг мэдэхэд би аймгийн өсвөр үеийнхний үндэсний бөхийн барилдааны үзүүр түрүүнд үлдчихэв ээ. Яг барилдах мөчид над дээр аймгийн засаг дарга өөрийн биеэр ирлээ.
-Манай аймгийн ганц найдвар хэмээн намайг нүүр нүдгүй үнслээ, нөгөө засаг дарга чинь. Тэгснээ хошуу цорвойлгон:
-Чамайг биш ээ, таныг энэ барилдаанд түрүүлбэл, аймгийн төсвөөс сургалтын зардлыг чинь 100 хувь дааж, хотод биеийн тамирын дээд сургуульд явуулъя. Сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж өгнө. Гол нь аймгийнхаа нэрийг л гаргах юм гэлээ.
-Засаг дарга аа. Би чинь наймдугаар ангийн сурагч, дээд сургуульд ороход аравдугаар ангийн гэрчилгээ хэрэгтэй ш дээ
-Тэр хамаагүй. Хамгийн гол нь сайн барилд. Тэмцээний дараа надаас аравдугаар ангийг онц төгссөн гэрчилгээ аваарай! гэж итгэлтэй шивнэв. Тэгээд юу болсон гээч?
Аравдугаар анги төгсөх онц дүнтэй гэрчилгээ аваарай гэдэг үг бяр хүч нэмж, энэ барилдаанд би түрүүлж, маргааш нь хот руу явлаа. 

“Шонхор” биеийн тамирын сургуульд сурч байхад Цэцгээгээс өдөр болгон захиа ирж, удалгүй суманд үүрэн телефон нээсэн тул намайг голсон охин чинь цаг тутамд л ярьж, мессежээр хайраа илчилнэ. Ингээд миний барилдаж олсон амьдрал цааш амжилттай үргэлжиллээ. Аймгийн цэрэг цолтой бөхчүүдийн барилдаан Бөхийн өргөөнд болж тэнд үзэж тарлаа. Санасныг бодвол над шиг захирлаасаа шийтгэл хүлээж бөх болсон харчуул алга. Дугуй танхимд тэр энэ нь гэхээргүй цугаараа булчин шөрмөс зангирсан, эрэг боолтыг нь чангалсан боовон чихтэй, булиа эрчүүд таахалзан алхана. Үндэсний бөхөөр барилдана гэдэг нь тэдний түнжгэр толгойд гэнэт орж ирсэн мэргэн санаа бус, эхийн хэвлийдээ бодож боловсруулсан амин сүнс бололтой. Гурвын даваа өндөрлөж 16 бөх үлдэхэд би чүү ай нэгэнд нь багтав. Гаднаас бийлэгжүү байрын мулзан толгойтой эр над дээр ирээд “Чи манай компаний нэр дээр барилд. Түрүүлбэл чамд хотын төвд 3 өрөө байр авч өгье. Түлхүүр нь энэ байна” гээд түлхүүр харуулснаа буцаагаад энгэр лүүгээ гулгуулав. Хотын хэдэн хамаатныдаа хоног төөрүүлэх тоолондоо “Их иддэг, муухай хурхирдаг” гэж адлуулдаг амьтан чинь 3 өрөө байрны төлөө шүдээ тас зуугаад үзнэ биз дээ. Ингээд юу ч билээ компанийн нэрийн өмнөөс барилдаж түрүүллээ. 

Заалны барилдааныг тэр жилдээ эзэгнэв. Нэг удаа бай шагналаа авчихаад гарах гэтэл хаалган дээр гурван том бизнесмэн цус нөжөө урсган зодолдож байна. “Юу болоов?” гэсэн чинь жижүүр өвгөн “Чамайг компанийхаа нэр дээр барилдуулахаар булаацалдан зодолдож байгаа нь энэ” гэлээ. Ингээд би гэдэг хүн монголын том компанийн нэрийн данстай болж хэдэн жилийг ардаа орхив. 

Энэ хооронд Цэцгээ бид хоёр, хүү охинтой болж манайх өнөр өтгөн айлын нэг боллоо. Наадмаар барилдаж харцага цолонд хүрлээ. Миний хувьд ч боломжийн л юм, гэвч ивээн тэтгэгчид улам их зүйл шаардана. Харцага цол авсан жилийнхээ дараа жилийн наадамд барилдаж заан цолонд хүрэв. Шөвгийн найман бөх. Гэнэт Ерөнхий сайд өөрийн биеэр манай майханд ороод ирлээ. Тэр миний гарыг чанга атгаад “Энэ барилдаанд заавал арслан цол авах ёстой шүү. Энэ бол эх орны даалгавар” гэлээ. Ингээд би үзүүр түрүүнд хүрч Улсын арслан цол авав. 

Дараа жил нь УИХ-ын сонгууль болж би нэр дэвшив. Би бусад шиг сонгуульд цаг наргүй шогшихгүй ганцхан тэр жилийн улсын наадамд барилдаж шөвгийн дөрөвт л үлдэх ёстой гэнэ. Тэр жилээ ахин үзүүрлэлээ. Бас УИХ-ын гишүүн боллоо. Бөхөө дээдэлдэг монголчууд минь намайг төрийн түшээ болгоод зогсохгүй, Спортын сайд болгодог байгаа. Гэвч сонгууль бөөрөнхий юм хойно би гэдэг хүн дараа жил нь сонгуульд ялагдаж, улсын хөрөнгө идсэн хэргээр Ерөнхий сайдтайгаа хамт гавлагдаад шоронд оров оо. 

Тэнд сар гаруй суусны дараа шөнийн харанхуйд шоронгийн дарга өөрийн биеэр манай камерт сэв хийтэл ороод ирдэг байгаа. Тэр тийм ч цэвдэг сэтгэлтэй, муухай царайтай эр биш юм. Мэнд мэдсэний дараа хурандаа цолтой тэр эрхэм “Ядарч, өлсөж, дарамтлуулж байвал надад хэлээрэй” гэж маньд тал заслаа. “Гайгүй дээ, энд дажгүй” гэхийг сонсоод шоронгийн дарга мөр лүү элгэмсэг алгадаад “Энэ жил ШШГЕГ-ын 100 жилийн ой тохиож байна. Тэнд барилдаж түрүүлбэл чамайг яг газар дээр нь шоронгоос суллая” гээд халааснаасаа “Хорихоос суллах” бичиг гаргаж хальт харуулаад далд хийчихэв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх