Та үүнийг мэдэхүү: Бурхан халдун уул

Энтертайнмент Admin Today 2018 07 сар 20 1493

Түүхийн эхэн үед Хан хэнтий уулыг нийтэд нь Бурхан халдун гэж нэрлэж байжээ. Мөн Хэнтийн нуруунд Бурхан халдун гэсэн 13 нэр байдаг ажээ. Үүн дотроос хамгийн өндөр оргил нь Бурхан халдун нэртэйгээ үлдсэн гэнэ. ШУА-ийн газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Базаргүр “Тэмүжин Бүрги эрэг гэдэг газар нутаглаж байхад нь тайчууд дайлан ирсэн. Тэр үед Тэмүжин Бүрги эргээс 24 километрт орших Мөнхжаргалан уулын зүг өдөртөө зугтаан хүрч очсон. Энэ ууланд тэр олон жил амьдарсан. Тийм учраас энэ уул бол жинхэнэ төрийн тахилгатай Бурхан Халдун уул байх ёстой” гэсэн санааг дэвшүүлснээр албан ёсоор Бурхан халдун уул аль вэ гэдгийг тогтоожээ. 1992 онд 12 000 хавтгай дөрвөлжин километр талбайг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож улсын хамгаалалтанд авчээ. Бурхан халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн ойр хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм.

Бурхан халдун ууланд дээд дунд доод хэмээх гурван овоо байдаг. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том талбайтай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байдаг. Арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Бэлд байх бага овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мориор хоёр цаг орчим зүтгүүлж хүрдэг. Дунд овооны тэнд метр орчмын голчтой том хүрэл тогоо бий. Уулын орой дахь их овооны тэндээс доош явахад энгэр талын зуувандуу хавцалд тунгалаг сайхан нуур бий. Бурхан халдун уул нь Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. Анх 1818 оноос албан ёсоор тахилга үйлдэж байсан байна. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгыг нь сэргээжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх