Эзэн хааны үхэл /Өгүүллэг/

Энтертайнмент Admin Today 2018 07 сар 19 859

Цаазын тавцан өөд ар нуруу руугаа хурц жадаар хатгуулан туугдаж явахдаа Жан И Мой сэтгэлдээ өөрөөр нь тоглоом хийж даажигнасан тэнгэр, бурхныг харааж, зүхэж байлаа. Уг нь Жан овогтынхны хэнийх нь ч зүүдэндээ үзээгүй аугаа их алдар нэрийн оргилд хүрсэн хүн бол Жан И Мой бөлгөө. Тэр гуравхан хоногийн өмнө Чин гүрний их хаан хоёр настай Пү И, Их хатан Цү Шигийн ахлах тогооч байв. Чин гүрэн даяар алдар цуугаа дуурсгасан 100 шилдэг тогоочоос шалгаран Жан И Мой их хааны ахлах тогооч болсон ажээ. Тэр нэгэн өдөр хүртэл түүний Жан овог Чин гүрэн даяар цуурайтаж түүний ер бусын авьяас, чадварыг ард олон шагшин, магтацгааж байлаа. Хамгийн сайн мэдрэмжтэй хүн 200 үнэр ялгадаг бол нохой 2000 үнэр ялгаж чаддаг. Харин Жан И Мой 3000 амт, үнэр ялгаж бүр орц, найрлагыг нь төвөггүй хэлэх бөгөөд Их хатны өндөр шалгуурыг нэр төртэй давсан юм. Их хатан түүнд зуун төрлийн ургамал, ногоо хольж буцалгасан нэгэн төрлийн залуужуулдаг гэх хандыг өгөхөд ганц үнэртэн, хэлээ хүргэх төдий амтлаад тэрхүү жорын орц болсон зуун янзын ургамлын нэрсийг алдалгүй хэлж бурханаас заяасан ховорхон авьяас, чадвараараа олныг алмайруулж билээ.

Чин гүрний түүхэнд ойрын зуун жил болоогүй их хүйтрэл 1908 онд Бээжин хотыг нөмөрч эзэн хааны их өргөөг дулаан байлгах гэж өдөрт хэдэн зуун тэрэг мод, нүүрс түлэх хэдий ч тэр нэгэн цасаар шуурч, яс янгинам хүйтэн өдөр бяцхан хаан хүү хамрын ханиад тусч ордон даяар үймэв. Дөнгөж сарын өмнө Чин гүрний Эзэн хаан Гань Шү энэхүү ханиаднаас болж тэнгэрт хальсан билээ. Ордны тэргүүн оточ хаан хүүд эм залсан ч бие нь дээрдэх бус улам дордож таван давхар хөнжил дор дагжин чичирч хэвтэх ачаа хараад Их хатны хилэн бадарч отчийг цаазаар авахыг тушаажээ. Тэргүүн отчийн хувьгүй энэ замналаар Чин гүрний шилдэг гэгдсэн хэдэн арван оточ явж эцэст нь тэнгэрийн авралаар хаан хүү эрүүл болов. Ингэхтэй зэрэгцэн хааны ордонд дахиад үймээн дэгдэж хаан хүүд сэм хор өгөн өвчлүүлсэн нэргүй нэгнийг эрэн хайж, сүүдэр мэт алуурчингийн золионд дахиад хэдэн арван түшмэд өртжээ. Тэдний дунд тэргүүн тогоочийн хоёр туслах байлаа. Галзуурсан дөрвөн бухнаас дөрвөн мөчийг нь тэлэн уяж ялыг гүйцэтгэхэд амь нь тасарч нөгөө ертөнц рүү одох хүртлээ түшмэд нүглээ наминчлан хатан эхээс өршөөл гуйж байжээ. Түшмэдийн тасарсан биесийг цуглуулан дөрвөн бухын хөлд талхлагдаж, цусанд будагдсан бяцхан талбайд овоолон шатаахад гурван өдөр хар утаа тэнгэр өөд олгойдсон гэдэг.

Түшмэдийн амийг авч одсон их хядлага намжсаны хойно Их хатан тэргүүн тогооч Жан И Мойг дуудуулав.

-Өвчин нь дөнгөж илааршаад байгаа хаан хүүгийн бие дорой байгаа тул маргааш өглөө бие тэнхрүүлэх ханд хийж авчир гэсэн хатны зарлигийг мэхийн хүлээж авсан Жан И Мой гүн бодолд дарагджээ.

Тавин хоёр төрлийн ургамлаас бүрддэг уг хандны орцыг яг таг тааруулахгүй бол эргээд хор болдог гэмтэй. Жаны өвдөг нь чичирч, дөрвөн мөчөө тас татуулан тэсэхүйеэ бэрх зовлондоо шаналан орилох түшмэдийн бархираан чихэнд нь сонсдож, цусанд будагдсан бие нүдэнд нь үзэгдэнэ. Хаан хүү ханиад туссан тэр өдөр Жан И Мой мөн ханиадаар өвдсөн бөгөөд отчоос сэм эм залсан ч бие нь дээрдээгүй билээ. Халуундаа шатан, хамаг бие нь зүүгээр хатгуулах мэт часхийн өвдөж байсан ч шүд зуун ажлаа хийж, бусдын нүдэнд эрүүл харагдахыг хичээн арайхийж өвчнөөс салсан. Гэвч Их хатныг бишрүүлж, Чин гүрний ард олныг алмайруулсан тэр чадвар нь, авьяас нь ханиад эдгэхтэй зэрэгцэн оргүй алга болжээ.

Түүний хамар, хэл, ам одоо үнэр, амт ялгахдаа захын нэг тариачнаас дээрдэхээргүй болсныг Жан мэдэрч байлаа. Өмнө нь хэдэнтээ хандалж байсан болоод ч тэр үү Жан И Мой хэдхэн цагийн дотор тавин хоёр төрлийн ургамлын орц, тунг нь мэдрэмжээрээ тааруулан бие тэнхрүүлдэг хандыг гарган авчээ. Тэрээр гал тогооны өрөө бараадан байх цаазаар авахуулсан туслах тогоочийн хав нохойг дуудан саванд шөл хийж өгөв. Дээрээс нь ханднаасаа нэг халбагыг дусаалаа. Жан шөнөжин цурам хийсэнгүй. Нөгөөх хав нохойг сандлын хөлнөөс уяж, хэрхэхийг нь ажжээ. Хааны ордонд хандыг аваачиж өгөх луу цаг болов. Нохой үхсэнгүй. Сүүлээ годгонуулан шарвалзана. Жан И Мой хандтай аягыг итгэлтэйгээр аван хааны байгаа өвлийн өргөө рүү явлаа.

Хаан хүүгийн хажууд Их хатан Цү Ши сууна. Санаа муутайгаараа өмнөх хаадаас хол илүү гэгдсэн хөгшин хатан ус гүйсэн шар нүдээ үл салган Жан И Мойг цоргин ширтэхэд түүний нурууг даган зарсхийлээ. Их хатан аягатай танг аван өмнөө тавьсан боловч тагийг нь үл авав. Жан өөрийн мэдэлгүй чичирч эхэллээ. Бүр шүд нь хавиралдсанаас үл мэдэг хяхтнах дуу гарна. Их хатан нэгийг хүлээх мэт үүд рүү хяламхийнэ. Удалгүй танхимын тэртээ үзүүрээс хэн нэгний яаран алхах бөглүүхэн чимээ сонсдов. Айж, мэгдсэн Жанд уг хөлийн чимээ ойртох тусам бөмбөр дэлдэх мэт сонсдож байснаа гэнэт нам гүм ордонд ноёлов. Өвдөглөн суусан ахлах тогоочийн дэргэд нөгөөх хөлийн чимээ зогссоноо Жаны өмнө нэгэн зүйлийг чулуудахад пидхийх дуу танхимаар цуурайтлаа. Өмнө нь халбага хандтай шөл долоосон хавны амьгүй цогцос хэвтэнэ. Жан И Мой газар сөхрөн уналаа.

-Хаан хүүд хор өгч амийг нь бүрэлгэх гэсэн ахлах тогоочийг цаазал. Цаазаар авахаас өмнө хэний зараалаар ийм бузар зүйл үйлдэх болсныг нь тамлаж байгаад заавал хэлүүл. Аваад яв хэмээх Их хатны дууг сонсоод Жан И Мой:

-Би буруугүй, буруугүй гэж орилов.

Жан И Мойг хоёр цэрэг харгалзсаар галзуурсан дөрвөн бухыг аргамжсан цаазын газар аваачив. Өмнөх түшмэдийн цусны үнэр хамар цоргино. Хэдий гурван өдөр бороо орсон ч газар шингэсэн цусны үнэр арилаагүй аж. Дөрвөн мөчөө бухнуудаас уяулж байхдаа Жан И Мой “Юунаас болж ханиад хүрэв?” хэмээн бодсоор байв. Хүнд, зовиурт тамлалтаас мултарсан түүний ухаан санаа хэдхэн хормын дараа өөрт тохиолдох үхлийн өмнө яагаад ч юм саруулжжээ.

Тэр өдөр хаан хүү, Жан хоёр нэгэн зэрэг ханиад хүрч эгээтэй л үхчихээгүй. “Өнөөдөр ингэж тарчилж үхэх байсан юм бол тэр ханиадаар нүд аньчихгүй яав аа” гэж Жан харамсан бодлоо. Тэр өдөр хааны үдийн зоогонд зориулж зэрлэг нугасны мах шаржээ. Ахлах тогоочийн хувиар Жан И Мой нугасны махнаас хэрчмийг амссан билээ. Жан үхэхийнхээ өмнө “Арай тэр нугаснаас ханиад туссан юм биш байгаа даа. Шувууны ханиад гэж өмнө нь дуулж байгаагүй. Гэхдээ хааныг хорлох гэж...” ийн бодож амжив. Дөрвөн бухыг тасхийн ороолгохтой хамт шаналант дуу хадан Чин улс даяар алдар нь түгсэн Жан овогтынхны нэр, сүлд цусанд будагдаж, тасар татуулсан бие шиг нь хөсөр хаягдав. Хожим энэ ханиад хэдэн мянган хүний амийг авч одно гэдгийг тэр яахан мэдэх билээ.

Ж. Бямбасайхны "Тамаас ирсэн солиот" номоос авав.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх