Б.Номин-Эрдэнэ:Миний хамгийн том спонсор бол миний ээж...


Ардын болон уртын дууг орчин үеийн хэв маягтай хослуулсан этник дуунуудаараа олонд танигдсан уртын дуучин Б.Номин-Эрдэнийг  наадмын баярын дугаарынхаа зочин хойморт урьж ярилцлаа.

-   Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаар нь яриагаа эхлэх үү хоёулаа...

За тэгье. Юуны өмнө танай сайтын эрхэм уншигчдад болон Монголынхоо нийт ард түмэнд Үндэсний их баяр наадмын  мэндийг хүргэе. Баярын дугаартаа урьж оролцуулсан та бүхэнд баярлалаа. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан гэвэл өөрийнхөө бие даасан тоглолтыг хөдөө орон нутаг болон зарим гадны орнуудаар VIP хэлбэрээр сонсогч олондоо толилуулж байгаа. Этник урсгалыг гадаадад амьдардаг хүмүүс их сонирхож сонсдог. Тиймээс ихэвчлэн гадагшаа явж тоглолтууд хийж байна. Би Улсын Филармоноос гараад чөлөөт уран бүтээлч болсон. Чөлөөт уран бүтээлчийн хувиар үндэсний урлагаа хүн бүхэнд түгээн дэлгэрүүлэхийн төлөө зүтгэж явна даа. Сүүлийн гурван жил гадаад хүмүүст уртын дуу зааж байгаа. Америкийн нэгэн сургуультай хамтарч судалгааны ажил хийж, мөн АНУ-д суралцдаг ази багш нарт дуу заадаг юм. Энэхүү ажил маань солилцоо болон судалгааны чиглэлээр явагддагаараа онцлог л доо.

  • Уртын дуучдын ажил зуны цагаар ид ундардаг. Найр наадам, арга хэмжээний урилга тасрахгүй л байна уу?

Тийм шүү. Зуны дэлгэр цагт найр, наадам болон хүндэтгэлийн арга хэмжээ нэлээд их болдог. Тэр болгонд л тасралтгүй оролцдог. Тухайлбал 2016 онд 2500 хурим болсоны 1000 гаруй хуриманд нь уригдсан байдаг. Өдөрт л 2-3 хуриманд оролцдог байсан гэсэн үг л дээ. 

  • Таныг уртын дуу дуулахаас гадна үндэсний урлагийг ихээхэн судалж, ном цуглуулдаг гэж сонссон юм байна...

Тийм ээ. Бид хийж байгаа зүйлээ хамгийн сайн мэддэг байх хэрэгтэй. Ингэснээр олон хүмүүст хүргэж таниулна шүү дээ. Манай  үндэсний урлаг сонсогдох байдлаасаа хүмүүсийн сэтгэлд их хүрдэг. Мөн дээрээс нь уран бүтээлчид бид урт хугацааны борлуулалт хийе гэвэл өөрсдөө маш сайн ярьдаг, бүтээгдэхүүнээ сайн мэддэг байх хэрэгтэй гэж боддог. Энэ урлагийг сонирхдоггүй олон хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийн сонирхлыг татах нь их чухал шүү.

  • Тийм шүү. Ялангуяа залуучуудын хувьд уртын дууны мөн чанар, утга учрыг мэддэггүй, сонсдог нь ч ховор. Гэхдээ сүүлийн жилүүдэд үндэсний урлаг хөгжиж байгаа хандлага ажиглагдаад байх шиг. Танд анзаарагдаж байна уу?

Нэг үеээ бодвол ч сонсдог болоод байгаа шүү. Гэхдээ санасан хэмжээд хүрэх бол яагаа ч үгүй л дээ. Хамгийн гол нь хүн бүхэнд хүрч ажиллах, таниулах нь чухал. Шуудхан хэлэхэд манай уртын дуучид өөрсдөө урлагаа сурталчлах  ажлаа муу хийж  байна гэж би боддог. Мөн түгээлт менежмент муу байгаа учраас залуу үеийнхэн төдийлөн сайн ойлгодоггүй байх талтай. Үндэсний урлаг өөрөө нууцлаг, хүчтэй, авшигтай сонин мэдрэхүйтэй урлаг. Одоо би өөрт чинь уртын дуу дуулаад өгөх юм бол та олон гайхалтай мэдрэмжүүдийг авах болно.

  • Таны зүгээс уртын дуугаа сурталчлах тал дээр хэрхэн ажилладаг вэ?

Би өөрөө гадаад хүмүүстэй харьцаад цалинжаад явдаг л даа. Хятадууд чинь миний улаан фэн шүү дээ\инээв\. Тэд намайг уртын дуу дуулахаар дөрөв, таван удаа дахиулж сонсдог. Тэр хэмжээгээрээ ч мөнгө төлдөг. Яаж тэд уртын дуунд тийм дуртай болсон гэхээр танилцуулах, сурталчлах лекц их хийгдсэн байдаг юм билээ л дээ. Тиймээс би энэ сайхан урлагийн гайхамшгийг Монголынхоо залууст хүргэх тал үүднээс лекц  концертыг Урлах эрдмийн дээд сургуульд өнгөрдөг хавар уншсан. Цаашдаа энэ чиглэлээр намайг сонсоё гэсэн залууст зориулан өөрийнхөө бүтээл бүтээгдэхүүнийг хүргэе гэж үргэлж зорьж ажиллаж байна.

Урлагт ямар ч  арын хаалга гэж байдаггүй...

  • Та түрүүн гаднынхантай нэлээд хамтарч ажилла байгаа гэлээ. Ер нь манай уртын дуучдад дотоодын гэхээсээ илүүтэй гадаадын зах зээлд ажиллах боломж илүү юм шиг санагддаг. Танд ер нь гадны орноос дуулах санал ирж байв уу?

Хэд хэдэн саналууд ирж байсан шүү.Гэвч би их орондоо үнэнч хүн учраас бүгдэнд нь татгалзсан хариу өгсөн. Миний хамгийн их эрхэмлэдэг зүйл бол үнэнч байх л даа.

  • Хатуухан хэлэхэд сүүлийн үед авьяас чадваргүй дуучид олон болж л дээ. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

Ер нь тийм болчихсон нь хэний ч нүдэнд ил л дээ. Гэхдээ би өөрөө нэг их мундагтаа тэгж хэлж байгаа юм биш шүү. Урлагт ямар ч  арын хаалга гэж байдаггүй. Цэвэр өөрийн хөдөлмөр авьяасаар л гарч ирдэг. Авьяасгүй л бол тэр хүн чиний хамаатан садан найз нөхөд юу ч байгаад хол явахгүй. Харин авьяастай хүмүүсийн хувьд хэн илүү хөдөлмөрлөж чадна тэр л амжилтад хүрдэг .

  • Урлагийнхан, хэвлэлийнхэн бид хүмүүс баярлаж байхад ажиллаж байдаг онцлогтой хүмүүс. Наадмаар байнга л ажилтай тарна биз...

Ёстой тэгдэг шүү. Ихэвчлэн л хүмүүсийг баярлуулаад таардаг. Гэхдээ мэдээж өөрөө бас баярлалгүй л яах вэ. Би наадмаар уяачдын гал дээр очиж дуулдаг.

  • Тэгвэл морь их сонирхдог байх нээ дээ...

 Их сонирхдог шүү. Морь барианд ороод ирэхээр л хараад их огшдог, уйлдаг даа\инээв\. Ер нь ганцхан би ч биш, Монгол хүн бүрийн цусанд тийм зүйл байдаг байх л даа. Морь гэдэг тэнгэрлэг сайхан амьтан шүү дээ.

  • Номин ер нь яагаад уртын дуучин болохоор шийдсэн юм бэЭсвэл гэр бүлд тань урлагийн хүн байдаг уу?

Би Баянхонгор аймгийн “Номуундалай” цогцолбор сургуулийг төгссөн л дөө. Тэгээд сурагч байх үедээ хүүхдийн “Тэмүүжин” театрт хичээллэдэг байсан юм. Дугуйлан дээрээ байх их дуртай байсан. Тэгэхээр угаасаа л уртын дуунд дуртай байсан юм шиг байгаа юм. Манай ээжийн талд уртын дуу дуулдаг цөөнгүй бий. Ээж минь ч  бас уртын дуучин болохыг мөрөөддөг байсан гэсэн. Гэвч ах, эгч нар нь эсэргүүцээд дуучин болж сувилагч болсон гэдэг юм. Тийм учраас ээж маань намайг уртын дуунд “уруу татсан хүн” гэж хэлж болно л доо.

  • Өөрөөс тань мэдээж “Шуранхай” хамтлагийг асуухгүй өнгөрч боломгүй. Танай хамтлагийг тарчихсан гэж ойлгоод байгаа. Та хэд одоо холбоотой байдаг уу?

Ер нь бол тарчихсан гэж ойлгож болно л доо. Бид гурав хоёр гурав эргэн нэгдэх талаар гурав, дөрвөн ч удаа ярилцаж үзсэн. Манай Г.Эрдэнэ-чимэг өөрөө хөрөнгө оруулалт хийгээд хамтран уран бүтээлээ хийе гэсэн санал ч тавьж байсан. Гэвч Үүрээгийн хувьд арай гэж “Шуранхай” гэдэг нэрнээсээ салаад дуучин Үүрийнтуяа гээд явж байхад дэмий байх гэж хэлсэн. Тэгэхээр бид дахиж нэгдэх боломжгүй юм байна гэж бодсон л доо. Уг нь бид гурвийг хамтад нь сонсох хүсэлтэй маш олон хүмүүс байдаг юм билээ. Гэвч болохгүй юмыг яалтай билээ дээ.

  • Уг нь ч та гурав эргэн нэгдвэл чансаатай уран бүтээлүүд гарах байх даа...

Би бол хэзээд нэгдэхэд бэлэн байдаг. Манай хамтлаг анх үнэхээр эрч хүчтэй уран бүтээлүүд гаргаж байсан. Гэвч одоо бол айдастай санагдаж байна.

Нэг дуу дуулчхаад гарахаар тэр өдрийн бүх ажил бүтдэг...

  • Уртын дуу дуулж байх үед дуучин хүний дотоод мэдрэмж нь чухам ямар байдаг юм бэ?

Ёстой л нэг ясны хөлс гарна гэдэг шиг гоё мэдрэмж төрдөг дөө. Ямар ч өөр юманд төвлөрөлгүй зөвхөн дуулж байгаа дууныхаа тухай л боддог. Дотоод бүхий л процессуудыг өөртөө төвлөрүүлж, удирдаж явуулна гэдэг маш их анхаарал шаарддаг. Уртын дуу өөрөө их ер бусын нууцлаг, шашинлаг санагддаг. Дасгал уншаад нэг дуу дуулчихлаар бүхэл өдрийн ажил бүтдэг гээд боддоо. Би бол яг дуугаараа амьдардаг хүн.

  • Уртын дууг лам нар зохиодог байсан гэдэг юм билээ. Жирийн хүн ер нь зохиох боломжтой байдаг юм болов уу?

Уртын дууг жирийн хүн зохиодоггүй байсан гэдэг. Ертөнцийг үзэх үзэл бүх юм нь өгөгдсөн, маш том уншлагатай лам нар зохиодог байсан гэлцдэг. Хүмүүс зохиогчийг нь мэддэг дуунууд гэхэд л Данзанравжаа “Оломгүй далай”, “Өвгөн шувуу”, “Урьхан хонгор салхи”-ийг зохиосон байдаг. Энгийн хүний ажил биш байх. Зургаа дахь мэдрэхүйтэй хүмүүс зохиодог гэдэг нь үнэний ортой болов уу, гэж би боддог юм. Тийм биш байсан бол XVIII зуунаас хойш уртын дуу шинээр төрөлгүй яах вэ дээ.

  • Дуурийн дуучдыг өөр дуу хамаагүй дуулж болохгүй. Хоолой нь эвдэрнэ гэдэг. Харин уртын дууны хувьд ямар байдаг юм бол...

Анх бол өөр дуу дуулж болохгүй л гэдэг байсан. Одоо бол хоолой тогтчихсон болохоор өөр дуу дуулж болно гэдэг. Уртын дууг анх дуулж сурч байхад их дэглэм барьдаг байсан. Жинсэн өмд өмсөхгүй, газтай ундаа уухгүй, архи, тамхи хэрэглэхгүй ч гээд л. Гэхдээ одоо бол ямар ч дуу дуулсан уртын дуучин байна гэж танигдахаар хоолой суучихсан.

  • Урлагийн хүнийг ар гэр нь их сайн ойлгож дэмжих хэрэгтэй юм шиг санагддаг. Таныг нөхөр тань хэр ойлгож, дэмждэг вэ?

Манай нөхөр технологич мэргэжилтэй хүн би. Гэхдээ хэдийгээр тэс өөр мэргэжилтэй ч ер бусын урлагийн өндөр мэдрэмжтэй хүн байдаг. Уртын дуунд их дуртай болохоор намайг маш сайн ойлгож, дэмждэг. Бид хамтдаа 1-4 анги хүртлээ хамт суралцсан. Тэгээд 18 жилийн дараа ангийн уулзалтын үеэр таараад амьдралаа холбосон сонин түүхтэй. Хүний амьдрал гэдэг тааж тааварлахын аргагүй юм даа\инээв\.

  • Нээрээ “Аватар кинонд өөрийн тань хоолой бичигдсэн гэж сонссон юм байна. Энэ талаар...

Тийн ш дээ. Гэвч гэрээнүүд нь байхгүй учраас нотлогдохгүй байгаа л даа. Би анх хоолойгоо бичигдсэнийг мэдээгүй л дээ. Анх “Аватар” киног анх үзээд ямар сонин над шиг дуугардаг юм бэ гэж бодсон л доо. Тэгээд хэд хэд үзээд өөрийн хоолой болохыг мэдсэн. 2009 онд Sony BMG Music Entertainment-ийн Абдул дэлхийд гараагүй содон авиа хайж Монголд ирсэн юм билээ. Тэгээд  тэр бичлэгэнд орох уу гэдэг саналыг надад тавьснаар, би тэр хоолойг дөрвөн цагийн турш бичүүлсэн. Абдул Монголд ирэхээсээ өмнө Хятадаар явсан гэж хэлж байсан. Тэгж явахдаа манайд ирж бичлэг хийсэн цаанаасаа ирнэ гэж төлөвлөсөн байсан уу эсвэл хятадын нэг муж гэж бодсон юм уу, Хятадаас гэж орсон байдаг юм билээ. Тэгээд ч манай орны газрын зураг зарим оронд байдаггүй юм билээ.Бид өөрсдөө суралцах хэрэгтэй л дээ. Тухайн үед юуны тухай юу болоод байгаа талаар асуух ёстой байсан юм билээ.

  • Ингэхэд авьяас гэдэг байгалиасаа заяагддаг төрмөл зүйл үү, эсвэл хөдөлмөрийн үр дүнд бий болдог юм болов уу?

Би цэвэр хөдөлмөрийн үр дүнд бий болдог гэж боддог. Яагаад гэхээр намайг анх СУИС-д ороход үнэхээр сайхан хоолойтой залуучууд их байдаг байсан. Тэр дундаа манай ангийнхан үнэхээр гоё дуулдаг байсан шүү. Би тэднийг яагаад ингэж их гоё дуулдаг талаар нь судалж, хичээж, хөдөлмөрлөж өдий зэрэгтэй дуу дуулдаг болсон доо. Тийм учраас цэвэр хөдөлмөрийн үр дүнд бий болдог гэж боддог. Гэхдээ хүн болгонд өөрийн гэсэн этик гэж бас байдаг юм билээ.

  • Өөрийг тань турах дэглэм их барьдаг гэж сонссон юм байна. Манай уншигчдад өөрийн жороосоо хуваалцаач...

Би арав гаруй жил фитнесээр хичээллэсэн. Миний биеийн онцлог удаан турж хурдан таргалдаг. Сая Хятадад нэг иогод явсан. Тэр их таалагдсан шүү. Би бүхий л спортоор хичээллэж байсан. Мөн их гүйдэг. Нэг удаад 15 км зам туулчихна шүү. Төрсний дараа 10 кг таргалсан. Одоо л хэвэндээ ороод явж байна. Найзууд минь надаас их зөвлөгөө авдаг юм. Миний зүгээс дасгал хөдөлгөөн их хийхийг л зөвлөдөг дөө.

  • Гоо сайхандаа хэр их анхаардаг вэ?

Миний хувьд хамгийн түрүүнд туранхай байх ёстой гэж боддог\инээв\. Дараа нь гоо сайхан. Ер нь гоо сайхан бол байгалиасаа л хүнд заяадаг зүйл. Надад БНСУ-аас 34 мянган долларын үнэтэй санал ирж байсан. Би Хятадад дуулж байхдаа тэрбумтан хүмүүсээс асуусан л даа. Байгалийн зүйлийг оролдвол юу болдгийг өөрийн нүдээр харсан. Тэгээд эрсдэлээс айсан. Би өөрийгөө төгс гэж бодсон шүү. Өөлөөд байх зүйл байхгүй насандаа өтөлнө гэж бодоод саналыг хүлээж аваагүй л дээ.

  • Номин ер нь амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?

Би худлаа ярьдаг хүнд дургүй. Өдөр тутамдаа хийх дасгал хөдөлгөөн зохицуулах ажиллаа таслалгүй хийдэг. Энэ л миний баримталдаг зарчим юм уу даа. Би архи тамхи хэрэглэдэггүй. Үргэлж зөв байх ёстой гэж өөртөө сануулдаг тийм л хүн дээ.

  • Урлагийнхныг спонсоргүй бол хол явдаггүй гэдэг. Өөрт тань тусалж дэмждэг байгууллага, хувь хүн байдаг уу?

Миний хамгийн том спонсор бол миний ээж. Ээж минь анхны СD-гээ гаргаж байхад цалингийн зээл авч өгч байсан. Намайг их дэмждэг, урам хайрладаг амьд бурхан даа. Түүнээс байгууллага, хувь хүний том дэмжлэг бол байхгүй, бор зүрхээрээ л яваа уран бүтээлч дээ.

  • Ямар нэгэн улсын урлагийн байгууллагад харьяалагдах, чөлөөт уран бүтээлч байх хоёрын аль нь илүү байдаг юм бэ?

Хүн хамт олон найз нөхөдтэй болж, олон хүмүүсийн дунд ажиллаад явах шиг сайхан л даа. Гэвч улсын байгууллагын цалин нь үнэхээр хангалтгүй санагддаг. Жилдээ гар дээрээ 4 сая төгрөг авдаг гээд бодохгүй юу. Гэтэл нэг дуу 4 саяар бүтдэг шүү дээ. Гэхдээ миний хувьд цалин чухал биш хамт олонтой байх нь чухал байсан. Ажлын хамт олон дотор бүдэгхэн явах нэг хэцүү, хэт их гэрэлтэх ч хэцүү. Гэвч би өөрийн чадваргүйгээс болж филармоноос гараагүй л дээ. Залуу хүний хувьд хийж бүтээх их хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд л орхисон. Надад чөлөөт уран бүтээлч байх таалагдаж байгаа. Өөрийнхөө хүслээр зорьж тэмүүлсэн зүйлээ хийхэд илүү дөхөм байдаг юм.

  • Таны хэлэх баярын сайхан үгээр ярилцлагаа өндөрлөх үү хоёулаа...

За тэгье. Монголын түмний уламжлалт баяр наадам маань хуртай, өргөн дэлгэр сайхан болж байна. Монголын ард түмэн минь сайхан наадаад ирэх өвлөө өнтэй даваарай гэж ерөөе дөө.

 Ярилцсан М.Дайриймаа

    

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 07 сар 13

Urtiin Duu huwiaraa zaalgaj boloh bolwuu? Mundag duuchin Shuu amjilt.

Зочин 2018 07 сар 13

Urtiin Duu huwiaraa zaalgaj boloh bolwuu? Mundag duuchin Shuu amjilt.

аагий 2018 07 сар 11

сайхан дуулдаг гэхдээ хэт намхан хүн байна лээ одой хүн шиг