Хоёр гүрний хооронд “эхний буун дуу” гарлаа.


Удаан хугацаанд бие биеэ импортын татвараар сүрдүүлцгээж байсан дэлхийн хамгийн том хоёр гүрний хооронд “эхний буун дуу” гарлаа.

 

АНУ-ын засаг захиргаа Вашингтоны цагаар шөнийн 00:00 цагаас, Бээжингийн цагаар өдрийн 12:00 цагаас эхлэн Хятадын $34 тэрбумын дүнтэй импортын бараанд татвар оногдуулж эхэлжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг арга хэмжээ цаашлаад $500 тэрбумын дүн хүртэл өснө гэж анхааруулсан юм.

Үүний хариуд Хятадын эрх баригчид ижил дүнтэй Америк бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноохоо мэдэгдлээ. Тэд эхний ээлжинд АНУ-ын автомашин, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэргийг хамруулахаар болжээ.

Хятадын төрийн төв хэвлэл өнөөдөр Трампын засаг захиргааны үйлдлийг “дээрэмчний арга барил” гэж шүүмжилсэн байна. Хятадын худалдааны яамны мэдэгдэлд “Хятадын тал түрүүлж буун дуу гаргахгүй гэж амлаж байсан ч улс орон, ард түмнийхээ ашиг сонирхлыг хамгаалахын тулд хариу цохилт үзүүлэхээс өөр аргагүй боллоо” гэжээ.

Дональд Трамп 2016 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа хойш гадаад худалдааны алдагдлаа бууруулахын тулд Хятад, Европын Холбоо, Канад, Мексик зэрэг улс орнуудын эсрэг импортын хатуу бодлого баримтлах тухай байнга ярьж байсан бол саяхнаас эхлэн бодит арга хэмжээ авч эхлээд байна.

Өнгөрсөн сард Европын Холбоо болон өөрийн хойд, өмнөд хөршүүдийн эсрэг хатуу татварын бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятадын эсрэг ийнхүү эхний арга хэмжээг авч байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх