Л.Энхболд: Намрын чуулганаар гурван хуулийн төслийг өргөн барина

Улс төр Admin Today 2018 06 сар 27 746

Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолд Монгол Улсын Төрийн тэргүүн оролцох ёстой. Гэвч, зардал мөнгөний асуудлаас шалтгаалан Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохгүй, элч төлөөлөгчөө өмнөөсөө явуулах болсон. Хэрэв зээ Төрийн тэргүүн өөрийн биеэр оролцохгүй тохиолдолд тахилгын зан үйлийг хийх элч төлөөлөгчид заавал хүндэтгэлийн сэнтийд суух ёстой юу гэсэн нэг асуулт тавигдаж байна.  Ерөнхийлөгчийн элч төлөөлөгчөөр томилогдож, хүндэтгэлийн сэнтийд сууж байгаа  УИХ-ын гишүүн Л.Энхболдын зураг сошиалд багагүй шүүмжлэл дагуулаад байна. Эндээс тахилгын ёслолд Ерөнхийлөгч оролцохгүй тохиолдолд уг тахилгын ёслолыг заавал үйлдэх нь зөв үү гэдэг асуудал ч хөндөгдөж буй. Ингээд УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцсанаа хүргэе.


Сошиалд явж байгаа зургаа та олж харсан биз дээ.  Ерөнхийлөгчийн суух ёстой сэнтийд сууснаараа та багагүй баалуулж байна. Яагаад  та тийм зураг авхуулсан юм бэ?

-Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэтгэх шалтгааны улмаас оролцохгүй тохиолдолд төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүн, төлөөлөгчдийн тэргүүн бүрэлдэхүүнийг томилох журамтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 85 дугаар зарлигаар батлагдсан “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын 2.2 дахь  хэсгийн тус тус үндэслэн захирамж гаргаж, 2018 оны зургадугаар сарын 22-нд  Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт орших Их тахилгат хайрханы тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр миний биеийг томилсон. Бүрэлдэхүүнд нь  аймгийн удирдлагууд, мөн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Даваа, Төрийн ёслолын хэлтсийн дарга Х.Жанцан, Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц нарыг томилсон захирамж гаргасан.

Энэ захирамжийн дагуу  би Ерөнхийлөгчийг төлөөлж нутгийнхаа Говь гурван сайхан уулын төрийн тахилгат хайрхны  тэнгэрийг тайх ёслолд оролцоод ирсэн юм. Төрийн тахилгын хууль, журам, номоор бол Монгол төрийн тэргүүн эсвэл түүнийг төлөөлөх төрийн түшээ заавал  хүндэтгэлийн сэнтийд заларч тодорхой зан үйлийг хийх ёстой юм байна л даа. Хэн нэгэн хүн дур зоргоороо ч суучихдаг суудал биш. Говь гурван сайхан уулын  төрийн  тахилгат хайрханыг  таван жилд нэг удаа тахилга үйлдэх ёстой. Одоогоос таван жилийн өмнө буюу 2013 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа Говь гурван сайхан уулын  төрийн тахилгат хайрханы  тэнгэрийг тайх ёслолд оролцож байсан.

-Ингэхэд Төрийн тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгч юу хийх ёстой вэ. Төрийн тэргүүний суух ёстой хүндэтгэлийн суудалд заавал суух ёстой юм уу?

-Ерөнхийлөгчийн хийх ёстой зан үйл бүрийг тухайн төлөөлж буй элч гүйцэтгэх учиртай юм байна. Энэ дагуу л  төрийн тахилгат хайрханы  тэнгэрийг тайх ёслолд  оролцож зан үйлийг гүйцэтгэж,  хүндэтгэлийн сэнтийд нь  заларсан. Төрийн элч  төлөөлөгч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн  айлтгал бичиг, торго, хүж, сум болон төрөөс  илгээх  бусад эд зүйлсийг ёслолын ажиллагаанд  төрийн нэрийн өмнөөс  өргөн  барих  үүрэг  гүйцэтгэдэг. Тухайлбал, тахилгын ёслолд  оролцогсод, нутгийн  зон олонд хандаж  үг хэлэх, төрийн Тэргүүний илгээлтийг  сонордуулах ёстой.  Мөн нум, сум харвадаг учиртай юм билээ. Би өөрөө нум сум харваагүй ээ.  Монгол Улсын мэргэн харваачаар нум сумаа харвуулсан. Мөн Ерөнхийлөгчийн айлтгалыг  Өмнөговь аймгийн музейд хадгалуулах ёслол үйлдсэн. Өнгөрсөн жил Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр Б.Чойжилсүрэн гишүүнийг томилж байсан.  Мөн л надтай адилхан  тахилгын ёслол үйлдсэн. Удахгүй Ховд аймагт тахилга болно. Б.Пүрэвдорж гишүүн Ерөнхийлөгчийн  өмнөөс  элч төлөөлөгчөөр очно гэж би сонссон. Адилхан над шиг шүүмжлэлд өртөх  үгүйг нь харж л сууя даа.

-Төрийн ёслолын албанаас тахилгыг зохион байгуулсан гэж ойлголоо, зөв үү?

-Тахилгын ёслолын журмын дагуу тахилгын ёслолын дэс дараалал, дэг журмыг тухайн аймгийн Засаг даргын боловсруулсан тусгай хөтөлбөрөөр зохион байгуулдаг.  Ёслолын ажиллагааг Төрийн ёслолын алба зохион байгуулах комисстой хамтран гүйцэтгэсэн.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх