Хар тамхи залуучуудын ирээдүйд аюулын харанга дэлдэж байна


Өнөөдөр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан “Хар тамхи, мансуурлын төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг  НИТХ-ын дарга С.Амарсайхан санаачлан зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд БСШУСЯ, Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн тагнуулын газар, СЭМҮТ, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн газрын төлөөллүүд оролцож буй юм.

Манай улсад мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдын 40,9 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 76,3 хувь нь 18-35 насны залуучууд байна. Тэдний ахуй байдлыг авч үзвэл ихэвчлэн гэр бүлтэй, тогтсон амьдралтай байдаг төдийгүй  найз нөхдийн  харилцаа холбоогоор дамжуулан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдаж авдаг байна. Мөнгөний эх үүсвэр нь хувийн бизнес эсвэл эцэг, эхийн мөнгө, хөрөнгөөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авдаг гэсэн тоо баримт  байгаа юм.  

Мөн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийг насны байдлаар нь харвал 19-25 насныхан зонхилдог гэсэн судалгаа байдаг.

Залуучуудын ирээдүйд аюулын харанга дэлдээд байгаа энэ асуудлын хор хөнөөлийг бусдад ойлгуулах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилт түүнд тавих хяналтыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгараад байгаатай тул тодорхой шийдлүүд гаргаж ажиллах зөвлөмжийг гаргах юм.

Хүүхэд, залуучуудыг бусдын нөлөөнд автахгүй байхад чиглэгдсэн ажлуудыг хэрэгжүүлэх, өсвөр үеийнхнийг хар тамхи мансууруулах бодисоос урьдчилсан сэргийлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгуулагуудын хоорондын мэдээлэл солилцоог идэвхижүүлэх, хар тамхи мансуурлын эсрэг бүх нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,  спорт урлаг, бие бялдар, оюуны хөгжлийн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн санал санаачлагыг дэмжин ажиллахаар төлөвлөж байна.

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх