Д.Тэрбишдагва: Оюутолгойтой холбоотой 1,500 хуудас материалыг шалгаж байна

Улс төр Admin Today 2018 06 сар 26 536

Оюутолгой ордыг ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва  мэдээлэл хийлээ.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “УИХ-ын Ажлын хэсгийн гишүүд Оюутолгой компанийн удирдлагатай ажлын байранд нь уулзалт хийж, шалгалт, чиглэл, шаардлагатай холбогдох дутуу материалыг шуурхай гаргаж өгөх, ажиллах боломжоор хангах, үйлдвэрлэлийн үйл явцтай газар дээр нь танилцах зэргээр хамтран ажиллалаа. ЗГХЭГ, Эрдэнэс Монгол ХХК-иас Оюутолгойтой холбоотой мэдээллийг танилцуулсан. Иргэдийн санал хүсэлт мэдээллийг хүлээн авч, иргэдийн хүлээлтэд бодит хариу өгөхийг зорьж байна. Дэд ажлын хэсгээс 1,500 хуудас бүхий танилцуулга, судалгааны материалыг хүлээж авсан. Эдгээр материалтай УИХ-ын Ажлын хэсэг танилцаж байна. Ажлын хэсэг нэгдсэн санал дүгнэлт гаргаж УИХ-ын удирдлага, Эдийн засгийн байнгын хороонд танилцуулна.

АТГ–ын шалгаж байгаа материалтай танилцахаар хүлээж байна. Аудитаас хийж байгаа шалгалтын материалтай мөн танилцах ёстой. Хараахан дуусаагүй тул хүлээж байна.

Засгийн газраас шалгалт хийсэн. 10 хоногийн өмнө бичиг явуулсан ч хариу нь хараахан ирээгүй байна. Тэгж байж ажлын хэсгийн дүгнэлт гарна.

 УИХ-ыг энэ долоо хоногт завсарлуулахгүй эсвэл ээлжит хурал зарлаж, энэ асуудлыг танилцуулмаар байгаа.

Татварын акт дээр болон ажлын хэсгийн материал дээр татвар зөрчилтэй гарч байна лээ. 150 сая доллар байтугай юмнууд гарах учраас эцсийн дүнг хэлсэн нь дээр байх.

Оюутолгойд 14,000 хүн ажиллаж байгаа гэсэн хирнээ хэд нь гэрээт, хэд нь үндсэн ажилтан нь ойлгомжгүй, цалин нь хүртэл нэлээд зөрүүтэй байсан. Гэрээгээр ажил гүйцэтгэгчдийг 14 мянган ажилтны тоонд оруулсан байдал харагдсан.

Өмнийн говийн зөвлөлийг Засгийн газар байгуулсан. Гэхдээ зөвлөлөө ерөөсөө шахаж ажиллуулаагүй, шахаж шаардаагүй, нутаг орны ард иргэдийн сайн сайхны төлөө ажиллуулаагүй.

Шинэ ирсэн удирдлагатай ярьсан. Цахилгаан станцыг хамгийн түрүүнд хийх ёстой ажил гэж хэлж байсан. Бид энэ асуудлыг хурц тавьсан. Дэлхийн хамгийн том нүүрсний орд Өмнийн говьд байна. Хамгийн чухал хэрэглэгч Оюутолгой байна. Яагаад цахилгаан станцаа барихгүй байгаа юм бэ гэхээр бид бэлэн байна, сонирхол ч байна, та нар дэмжиж өг гэсэн” гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх