Иргэд дараах бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй авна


УИХ өнгөрсөн долоо хоногт Улсын бүртгэлийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, баталлаа. Энэ хүрээнд Иргэний бүртгэл, Хуулийн этгээдийн бүртгэл, Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиудыг шинэчилж, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа. Уг хуулиудын өөрчлөлт 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. 

Улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчлэлээр бүртгэлийн мэдээллийн үндсэн дата баазыг сайжруулж,  мэдээллийг цахимжуулах, иргэний үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлийг баримталжээ.

Цахим үнэмлэхийн чип кодоор авах мэдээллийг нэмэгдүүлнэ

Тухайлбал, иргэний үнэмлэх дээр байдаг чип кодыг  хуулийн этгээд, эд хөрөнгийн бүртгэл хийхэд ашиглана. Мөн хуулийн этгээд хөрөнгийн нийгмийн даатгалын үйлчилгээнд иргэний үнэмлэхийн кодыг ашиглах, иргэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авахад ашиглана. Бусад төрөөс үйлчилгээ авдаг чиглэлд цахим үнэмлэхийн чип кодыг ашигласнаар холбогдох бүх мэдээлэл нь гарч ирэх боломжтой болгохоор мэдээллийн баазыг өргөтгөх юм байна.

Улсын хэмжээнд 300 гаруй нотариат үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр байгууллагууд иргэдийн хурууны хээг уншдаг төхөөрөмж суурилуулах бөгөөд тэндээс шаардлагатай мэдээллээ баталгаажуулах юм байна. Түүнчлэн иргэд, банк болон бусад газраас зээл,  үйлчилгээ авахдаа заавал иргэний үнэмлэх гэхгүйгээр хурууны хээгээр дамжуулан иргэний үнэмлэх дээр байгаа бүртгэлийн бүх мэдээллээ ашиглах боломж нээлттэй болох юм байна.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар иргэд рүү чиглэсэн дараах үйлчилгээг хөнгөвчилж, өөрчилжээ.

Иргэд бүртгэлийн 10 үйлчилгээг ямар ч харьяалал харгалзахгүй авна

Өнөөгийн дагаж мөрдөж байгаа Иргэний бүртгэлийн тухай хуулиар заавал нутаг дэвсгэрийн харьяалал шаарддаг байсныг шинэчилсэн найруулгаар илүү хөнгөвчилж байгаа аж. Шинэчилсэн найруулгаар нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг болохоор тусгажээ. Ингэснээр хаягийн шилжилтээ хийлгээгүй ч тухайн байгаа газраасаа бүртгэлийн мэдээллийг авах боломжийг нээлттэй болгоно. Доорх 10 үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт харьяалал харгалзахгүйгээр бүртгэлийн байгууллага олгохоор тусгасан байна. Үүнд, 

-Төрсний

-Гэрлэсний

-Гэрлэлт цуцлуулсны

-Эцэг тогтоосны

-Үрчилсний

-Нас барсны

-Иргэний үнэмлэхийн

-Биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/

-Гадаадад зөрчих эрхийн

-Иргэний байнгын оршин суугаа газрын  бүртгэлийг харьяалал харгалзахгүйгээр олгоно.

Харин харьяалал зайлшгүй харгалзах бүртгэлийн 4 үйлчилгээг тусгажээ. Үүнд,

-Шилжилт хөдөлгөөн

-Иргэний харьяалал

-Хүйс өөрчлөгдсөний

-Овог, нэр өөрчлөлтийн

Төрийн үйлчилгээ, банк санхүүгийн байгууллагууд иргэний бүртгэлийн мэдээллийн санд байгаа мэдээллийг заавал цаасаар авчрахыг иргэнээс шаарддаг. Хуулбар, лавлагаа, эрхийн бүртгэлийн гэрчилгээ, Засаг даргын тодорхойлолт,  цагдаагийн тодорхойлолт зэргийг хамгийн ихээр шаарддаг. Тэгвэл бүртгэлийн хуулийн шинэчлэлийн хүрээнд эдгээр төрлийн лавлагааг заавал цаасаар авчрахыг шаардахгүйгээр бүртгэл мэдээллийн санд байгаа мэдээллийг ашиглах боломжийг нээж байгаа юм байна.

Бүртгэлийн гэрчилгээний төрлийг  цөөлнө

Одоогийн хуулиар бүртгэлийн зургаан төрлийн гэрчилгээ олгодог байсан бол шинэчилсэн найруулгаар гурван төрлийн гэрчилгээг олгодог болохоор тусгажээ.

-Төрсний

-Гэрлэсний

-Нас барсны гэрчилгээг бүртгэлийн байгууллага олгоно.

Харин овог, эцэг, эхийн нэр, нэр өөрчилсний, гэрлэлт цуцалсны, үрчилсний гэрчилгээг олгохгүй. Эдгээр үйлчилгээг бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдээд явах тул гэрчилгээ олгохгүй юм байна.

Иргэний бүртгэл хийх хугацааг богиносгоно

Төрийн байгууллагаас шаардагдах бүртгэл хийх хугацааг дунжаар 1-3 хоногт багтаан хийхээр хуулийн төсөлд тусгажээ. Тухайлбал,

-Төрсний гэрчилгээг 30 хоногт багтаан олгодог байсныг 1 өдөрт багтаан хийнэ.

-Гэрлэсний бүртгэл 30 хоног байсныг ажлын 5 хоногт багтаан хийнэ.

-Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийг захиргааны журмаар 30 хоногт байсныг шүүхийн журмаар 3, захиргааны журмаар 5 хоногт багтаан хийнэ.

-Гэрлэлт сэргээсний бүртгэл хугацаа заагаагүй байсныг ажлын 5 хоногт багтаан хийхээр тусгажээ.

-Эцэг тогтоосны бүртгэлийг ажлын 5 хоногт багтаан хийнэ.

-Үрчилсний бүртгэлийг 30 хоног гэснийг ажлын нэг хоногт багтаан хийнэ.

-Овог, эцэг, эхийн нэр өөрчилснийг 30 хоног байсныг 7 өдөрт багтаан хийнэ.

-Нас барсны бүртгэлийг орон нутаг 5, алслагдсан сум, багт 10 хоног байсныг ажлын нэг өдөрт багтаан хийхээр болжээ.

Гадаад паспортын хугацааг шинэчилнэ

Дипломат, албан паспортын хүчинтэй хугацааг шинэчлэхээр тусгажээ.
-Нэг болон таван жилийн хугацаатай олгодог байсан гадаад паспортын хүчинтэй хугацааг 5, 10 жил, хүүхдэд таван жилийн хугацаагаар олгохоор шинээр заажээ. Мөн гадаад паспортын хуудсыг хэрэглэгч өөрөө сонгох бөгөөд хуудсын тооноос хамаарч үнэ харьцангуй өөр өөр байх юм байна. 

Шинэчилсэн найруулгаар хүйс өөрчилсний бүртгэл, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл /хурууны хээ/ гэдэг нэрийг шинээр оруулж иржээ. Энэ нь практикт шинээр үүсч байгаа харилцаанаас үүдэлтэй гэдгийг хууль санаачлагчид тайлбарлажээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх