Б.Энхбаяр: Иргэдэд хүндрэл учруулахгүйгээр иргэний үнэмлэхийн санах ойг тэлсэн


Монгол Улсын иргэний үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлээд долоон жилийн хугацаа өнгөрчээ. Цахим иргэний үнэмлэх дээр чип байдаг бөгөөд уг чипэнд бидний зураг, овог нэр, регистр, хаягийн мэдээлэл байдаг. Гэвч бид цахим үнэмлэхийнхээ цахим үйлчилгээг авч үзэлгүй өдийг хүрсэн. Ямарваа нэгэн байгууллагад хандахад хаягийн тодорхойлолт, цээж зураг зэрэг бусад тодорхойлолт авчрахыг шаардаж ирсэн. Тэгвэл Бүртгэлийн багц хуулийг баталснаар иргэний болон эд хөрөнгийн хуулийн этгээдийн хөрөнгийн бүртгэлийн мэдээллийн сан улсын хэмжээнд нэгдсэн дотоод сүлжээнд холбогдон, холбогдсон мэдээллийг цахим хэлбэрт оруулж байгаа юм.

Үүний хүрээнд цахим иргэний үнэмлэхийн санах ойг тэлж, илүү олон мэдээлэл оруулж, тэр хэрээр хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болох юм байна. Энэ талаар Хууль зүйн дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Иргэний үнэмлэхийн санах ойг тэлэх зорилгоор гурван сая иргэнийхээ үнэмлэхийг шинэчилнэ гэвэл иргэд хүлээж авахгүй л дээ. Хэдэн нөхөр бизнес хийж байна, шахаа хийлээ л гэнэ. Нөгөө талаар энэ маш их цаг хугацаа, хөрөнгө хүч шаардсан нүсэр ажил болно. Швед улс иргэнийхээ үнэмлэхийг гарын арьсанд нь чип суулгаж шийддэг боллоо гэсэн мэдээ гарсан. Ийм хурдтай технологийн эринд амьдарч байна шүү дээ. Тиймээс иргэдэд хүндрэл учруулахгүйгээр санах ойг тэлэхээр зорьж байна. Одоо таны иргэний үнэмлэхийн санах ой өмнөхөөсөө хоёр дахин их багтаамжтай болчихсон байгаа” гэжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх