Шөвгийн 16-д Испани-ОХУ, Уругвай-Португал тоглохоор боллоо

Урлаг, Спорт Admin Today 2018 06 сар 26 1148

Манай хойд хөрш ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 12 дахь өдрийн буюу хэсгийн сүүлийн гурав дахь тоглолтууд өчигдөр болж, шөвгийн 16-д өрсөлдөх багууд эхнээсээ тодорлоо.

Өнгөрсөн шөнө нийт дөрвөн тоглолт болж, “А” хэсгээс Уругвай, ОХУ, “В” хэсгээс Испани, Португалын багууд шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авлаа.

Уругвай хэсгээ тэргүүлж, ОХУ хоёроор 16-д шалгарлаа

А ХЭСЭГ: ОХУ-УРУГВАЙ 0:3

-Гоол: Луис Суарес 10’, Денис Черышев 23’ (өөрийн хаалганд), Эдинсон Кавани 90’

Энэ хэсэгт ОХУ, Уругвай, Саудын Араб, Египетийн багууд багтсан. Нээлтийн тоглолтоос эхлэн шуугиан тарьж байсан тэмцээнийг зохион байгуулагч ОХУ болон 1930, 1950 оны дэлхийн аварга Уругвайн шигшээ багууд хоёр тоглолтын дараа хэсгээсээ шалгарах нь тодорхой болоод байсан.

Харин гуравдахь тоглолтоор тус багуудын хэн нь нэгээр гарах нь тодрох байсан. ОХУ, Уругвайн тоглолт Самар хотын “Космос Арена” цэнгэлдэхэд болж, уругвайчуудын ялалтаар өндөрлөлөө. Ингээд Уругвайн шигшээ баг гурван хожилтойгоор хэсгээ тэргүүлж, ОХУ хэсгийн хоёрдугаар байраар шалгарч “В” хэсгийн тэргүүн баг Испанитай өрсөлдөхөөр боллоо.

САУДЫН АРАБ – ЕГИПЕТ 2:1

-Гоол: Мохамед Сала 22’, Салман Аль Фараж 45+6’, Салем Аль Давсари 90+5’

"А" хэсгийн тус хоёр баг хэсгээсээ гарахгүй нь тодорхой болсон ч хожил авах нь чухал байсан. Волгоград хотод болсон тоглолт Саудын Арабын ялалтаар өндөрлөлөө.

Мөнхийн хөрш тус хоёр орон бүхий л асуудалд өрсөлддөгийн нэг нь спорт, тэр дундаа хөлбөмбөг. Энэ удаа Саудын Араб хөршөө ийнхүү хожлоо.

Тоглолтын эхний гоолыг Египетийн Мохамед Салах 22 дахь минутад оруулж, египетчүүд тэргүүлж эхэлсэн. Ингээд 41 дэх минутад Египетийн хамгаалагч Ахмед Фати өөрийн шугам дотроо гар хүрсэн тул шүүгч 11 метрийн торгуулийн цохилт зааж. Цохилтыг Саудын Арабын Салем Аль Давсари гүйцэтгэсэн ч 45 настай хаалгач Эссам Эл Хадари амжилттай хаалаа.

Египетийн хаалгач Эссам эл Хадари 45 нас, 161 хоногтойдоо ДАШТ-д оролцсон хамгийн ахмад тоглогчоор бүртгэгдсэн. Ингээд нэгдүгээр үеийн төгсгөлд Саудын Арабын тоглогч Салман Аль Фараж торгуулийн цохилтыг амжилттай болгож, тоог тэнцүүлж чадсан.

Тоглолтын үндсэн 90 минут дуусаж, шүүгчийн мэдлийн таван минутад Салем Аль Давсари хожлын гоолыг оруулсанаар Саудын Араб энэ удаагийн дэлхийн аваргыг ялалтаар өндөрлүүллээ. Мөн арабчууд ДАШТ-д хийсэн сүүлийн 12 тоглолтод хожиж чадаагүй үзүүлэлтдээ цэг тавилаа.

Испани хэсгээ тэргүүлж, Португали үзүүрлэлээ

В ХЭСЭГ:

ИРАН - ПОРТУГАЛ 1:1

ИСПАНИ - МАРОККО 2:2

В хэсгийн Иран, Португалын тоглолт хамгийн их анхаарал татаж байлаа. Учир нь аль хожсон нь хэсгээсээ шалгарах учиртай байв. Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт өрсөлдөөнтэй болж, 1:1-ээр тэнцээгээр өндөрлөсөн нь Португалын хувьд ашигтай байж, хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан. Португалыг хожих даалгавартай гарсан Ираны шигшээ баг тэнцээ хийснээр нэг хожилтойгоор гэртээ харихаар боллоо.

Тоглолтын 45 дахь минутад Португалын тоглогч Рекардо Күарезма эхний гоолыг оруулснаар португалчууд тэргүүлж эхэлсэн. Улмаар 54 дахь минутад К.Роналдо 11 метрийн торгуулийн цохилтоос цохилт хийснийг хаалгач амжилттай хааж чадсан. Роналдо тоглолтын 83 дахь минутад шар хуудас аваад байна.

Иранчууд гоол оруулах гэж зүтгэсэн ч 94 дэх минутад Ансарифард тэнцээний гоолыг оруулж чадлаа. Хэдийгээр талбайд заавал хожих даалгавартай Ираны шигшээ баг Португалтай тэнцэж, дөрвөн оноотой болсноор шөвгийн 16-д үлдэж чадсангүй.

Испани, Мароккогийн тоглолт 2:2-оор тэнцээгээр өндөрлөлөө.

В хэсгийг ийнхүү Испани тэргүүлж, Португал удааллаа. Харин Иран дөрвөн оноогоор гуравт бичигдсэн бол Марокко нэг оноо авснаар энэ удаагийн дэлхийн аваргын тоглолтоо дуусгалаа.

21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-д өрсөлдөх эхний дөрвөн баг өнгөрсөн шөнө тодорсон бол өнөөдөр дахин дөрвөн баг цааш тоглох эрхээ авах юм.

“А” хэсгийн тэргүүн баг Уругвай Португалтай зургадугаар сарын 30-д тоглох бол “В” хэсгийн тэргүүн баг Испани ОХУ-тай долдугаар сарын 1-д тоглох товтой.

Харин өнөөдөр шөнө “С” хэсгийн Дани-Франц, Австрали-Перу, “D” хэсгийн Нигери-Аргентин, Исланд-Хорватын тоглолтууд болж мөн дөрвөн баг 16-д үлдэх учиртай.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх