Д.Хаянхярваа: Энэ сарын 29-нөөс өмнө Тавантолгойн төслийг батална

Улс төр Admin Today 2018 06 сар 22 1086

МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар Тавантолгойн тогтоолын төслийг хэлэлцжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар мэдээлэл хийлээ. 

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Засгийн газраас оруулж ирсэн Тавантолгойн тогтоолын төслийг дэмжихээр болсон. Эдийн Засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж ажиллана. Цаашид энэ тогтоолын төслийг батлаад явах нь зөв гэж үзсэн. Тавантолгойгоос оруулж ирсэн төслийг яаралтай шийдэхгүй бол ирэх долоо хоногт хаврын чуулган завсарлана. Намар аравдугаар сард орох учраас хугацаа алдана. Энэ том төслийг хөдөлгөхийн тулд IPO босгох, ТЭЗҮ хийх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай уулзахад багагүй хугацаа шаардана. Тогтоолын төслийг УИХ-аар баталсаны маргааш л үр дүнг нь нэхээд байдаг. Ингэж ойлгож болохгүй. Төсөл явуулах нь тийм богино хугацааны ажил биш. Энэ төслийг хөдөлгөх, үнэт цаас гаргахад урт хугацаа шаардана. Багаар бодоход 6-12 сар шаардлагатай. Угаасан нүүрсний үнэ өнөдр байгаа учраас бид нүүрсээ угааж гаргах хэрэгтэй. Энержи Ресурс барьсан угаах үйлдвэрийг ашиглаж чадвал жилд улсын төсөвт 600 орчим  тэрбум төгрөгийн татварын орлого орох боломж байна. Тиймээс хувийн хэвшил, төр гэлтгүй одоо байгаа нөхцөл бодлоо шавхаж ажиллана” гэсэн юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Яагаад хаврын чуулган завсарлахаас долоо хоногийн өмнө өргөн барьж байгаа юм бэ. Өмнө нь өргөн барьж болоогүй юм уу?

- Ямар нэгэн байдлаар хардаж сэрдэх хэрэггүй. Тавантолгойн нүүрсний ордыг хөдөлгөх төсөл дээр 2016 оны сонгуулийн дараагаас эхлээд хоёр Засгийн газар дамжин ажилласан. Өнөөдрийн оруулж ирсэн төсөл нь Тавантолгойн орд газрыг хөдөлгөх хамгийн зөв хувилбар гэж үзэж байгаа. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэцээд энэ төслийг дэмжсэн. Намын бүлэг дэмжсэн. Одоо УИХ-аар оруулаад дэмжвэл ямар нэгэн байдлаар улс төрийн зүгээс болон хөндлөнгөөс нөлөөлөх нөлөөлөл байхгүй болно гэсэн үг. Энэ бол хамгийн гол нь зөв зам руугаа орж байна гэж ойлгож болно.

-Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Тавантолгойн төслийг хэлэлцэх үү. 29-нөөс өмнө батлах уу?

-Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд чуулганаар оруулна. ямар ч байсан чуулган завсарлахын өмнө тогтоолын төслийг батална.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх