“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын тавдугаар бага хурал болж байна

Улс төр Admin Галаа 2018 06 сар 14 480

Зүүн Хойд Азийн /ЗХА/ аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын тавдугаар бага хурал болж байна. Тус хурлыг Гадаа Харилцааны Яам /ГХЯ/ болон ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэн зохион байгуулж буй юм.

Бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх механизм үүсгэх Монгол Улсын санаачлагын хүрээнд ЗХА-ийн улс орны эрдэмтэнсудлаач, Тинк танк байгууллагын төлөөллийн судалгаа, дүгнэлтийг хэлэлцэх, санал бодлоо нэгтгэхэд чиглэсэн энэхүү хурал эдүгээ таван жилийн ойтойгоо золгоод байна.

Уг хурлыг өмнө нь дан ганц эрдэмтэн судлаачдын хүрээнд зохион байгуулж ирсэн бол өнгөрсөн оноос эхлэн бүс нутгийн улс орны засгийн газрын байгууллагын төлөөлөл төдийгүй НҮБ, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Европын холбоо, Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа /АПЕК/, зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгч оролцуулдаг болсоноороо онцлогтой.

Олон улсын хурлын энэхүү хэлбэрийг 1,5 дугаар сувгийн яриа хэлэлцээ хэмээн нэрлэх бөгөөд эрдэмтэн судлаачдын шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, дүн шинжилгээ, саналыг бүс нутгийн улс орны бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нар сонсох боломж олгодгоороо ач холбогдолтой юм.

ОЛОН УЛСЫН ХУРАЛД БНАСУ-ЫГ ОРОЛЦУУЛЖ БАЙГАА УЧИР ОНЦЛОГ БОЛЖ БАЙНА

Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар “Зүүн хойд азид Солонгосын хойгийн талаарх яриа хэлэлцээний бүх суваг хаагдаж, зургаан талт хэлэлцээрийн механизм зогссон байх үед манай улс 2014 онд энэ хурлыг явуулах санаачлага гаргаж байсан.

Энэ нь өөрсдийн бүс нутагт энх тайвныг цогцлоохын тулд хувь нэмэр оруулж буй нэг хэлбэр юм. Хуралд цугласан төрийн болон төрийн бус судалгааны байгууллагуудын төлөөллүүд энэ бүс нутагт энх тайвныг цоглоохын тулд дутагдаж байгаа ажил, анхаарах ёстой зүйлсийн талаар ярилцдаг.

Хоёр хоногийн өмнө Сингапурт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСУ-ын тэргүүн Ким Жон Ун нар анхны түүхэн уулзалт хийсэн. Уулзалтын дараа энэхүү хуралд БНАСУ-ыг оролцуулж байгаа гэдгээр мөн онцлогтой болж байна.

Эдгээр улс нь хоорондоо харилцаагүй болоод олон арван жил өнгөрсөн. Тус улсуудын дунд  гал зогссоноос биш дайн дуусаагүй байсан. Дэлхийн бусад бүс нутгийн хувьд хүйтэн дайн 1990-ээд онд дууссан ч, Зүүн Хойд Азид үргэлжилсээр байсан юм.

Хоёр тэргүүний уулзалтын үр дүн таны болон бидний хөгжиж, энх тайван байхад чухал үүрэгтэй үйл явц юм. Ийнхүү дөнгөж бий болж байгаа итгэлцэл, найдварын эрчийг бид алдагдуулахгүйн тулд өөрсдийн хувь нэмрийг оруулна гэж бодож байна” гэлээ.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурал нь үндсэн хоёр, салбар хоёр хуралдаантайгаар зохион байгуулагдаж буй бөгөөд 2025 онд ЗХА-ийн аюулгүй байдлын орчин хэрхэн өөрчлөгдөх төсөөлөл, сорилт болон боломж, түүнчлэн эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм.

Хурал энэ сарын 15 буюу маргаашийг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх