Баатар, гавьяатууд байраа алдсангүй...


Чөлөөт бөхийн “Монголиа Опен” олон улсын тэмцээн энэ амралтын өдрүүдэд (VI.09-10) “Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө. Найм дахь удаагийн тэмцээнд Монгол, Австрали, Казахстан, БНХАУ, БНСУ, Беларусь, АНУ, Пуэрто-Рико, ОХУ-ын Тува, Якут, Эрхүү, Буриадаас нийт 225 тамирчин, эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдсөн юм. Энэ жилийн тэмцээнээс эхлэн эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны оноо олгох статустай болсноос гадна “Жакарта-2018” Азийн зуны спортын наадамд оролцох баг тамирчдаа сонгох ач холбогдол өгснөөрөө онцлог болов. Найм дахь удаагийн тэмцээнд манай бүсгүйчүүдээс “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ДАШТ-ий алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд, 2017 оны дэлхийн аварга П.Орхон нарын тэргүүтэй шилдгүүд оролцсон юм.

Тэмцээний сүүлийн өдөр гал гарсан сонирхолтой барилдаанууд өрнөсөн. Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон нар нэг хэсэгт багтсан нь чөлөөт бөхийн хорхойтнуудын анхаарлын төвд байсан гэхэд хилсдэхгүй. Хэсгийн барилдаанд С.Батцэцэг оноогоор цэвэр (11:0) ялсан. Тэд хагас шигшээд өрсөлдөгчөө ялснаар алтан медалийн төлөөх барилдаанд дахин учраа таарсан юм. Харин алтан медалийн төлөөх барилдаанд П.Орхон даагаа амжилттай нэхэж, хүчтэй өрсөлдөгчөө цэвэр ялснаар өнгөрсөн жилээс хойш тэдний ялалтын харьцаа 5:1 болж байна.

57 кг-ын жингийн шигшээ барилдаанд үрийн зулай үнэрлээд дэвжээндээ эргэн ирээд удаагүй буй, ДАШТ-ий алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд, өсвөр үе, залуучууд, “U-23” ангиллын ДАШТ-ий медальт ОУХМ А.Батцэцэг нарын дуэль “Буянт-Ухаа” спортын ордонд хуран цугласан үзэгчдийг өндөлзүүлсэн өрсөлдөөнтэй болсон. Тус барилдаанд С.Цэрэнчимэд гавьяат цаг дуусахаас 20 гаруй секундын өмнө хоёр оноо авч, эцсийн үр дүнд 4:4-өөр ялалт байгуулсан юм.

“Монголиа Опен” олон улсын тэмцээнд МУГТ П.Орхон дөрөв дэх удаагаа түрүүлж байгаа бол С.Цэрэнчимэд гурав дахь удаагаа түрүүлэв. Ийн чөлөөт бөхийн шилдэг бүсгүйчүүд маань алт, мөнгөн медалийн байраа хадгалан амжилттай барилдав.

Бэлтгэсэн: С.Мөнхжаргал

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 06 сар 13

Холбооны удирдлага гэж бна уу.Сумьяа одоо ажлаа хийж чадахгүй бол ажлаа өгөөч ээ.Батбаяр бол нарийн бичгээ үнэхээр сайн хийж бнаа.хүн болгоны амны бай болох юм даа