М.Даваажаргал: Аавтайгаа хамт олимп үзэж чадсангүй...


Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн дархан аварга, олимпын мөнгөн медальт, үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн энэ цагийн харьшгүй хүчтэн Ж.Мөнхбат 76 насандаа буюу дөрөвдүгээр сарын 9-ний өдөр бурхны оронд заларсан билээ. Тэгвэл түүний хүү Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал өчигдөр /2018.04.11/ эх орондоо ирлээ. Японд тойргийн барилдаанд барилдаж байсан Хакүхо аварга энэ сарын 15 хүртэл Хаврын тойргийн барилдаанаас чөлөө авч ирсэн байна.

Их аварга аавынхаа талаар “Хоёр жилийн дараа болох Токиогийн олимпийн нээлтийн ажиллагаан дээр дохёнд гарах ёслол хийж аавдаа харуулах мөрөөдөлтэй байлаа. Харамсалтай” хэмээн сэтгүүлчдэд хэлсэн юм. Хакүхо М.Даваажаргал анх сүмогийн багштайгаа уулзахдаа хэлсэн үг нь “Аавынхаа амжилтыг эвдэнэ” хэмээн хэлж байсан нь түүний багшийн сэтгэлийг татаж, Монгол руу буцах гэж байсан хүүг сүмод авч үлдсэн түүхтэй юм.

Ж.Мөнхбат агсанд зориулан түүний төрөлх нутаг Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, “Эх нутгийн иргэд” ТББ, “Говь хангай мебель” компани, Данцагдоржчойлон хийд, Дашчойнхорлон хийдээс 1080 зул өргөж, Дүнчүүр маань хөгжөөж, ерөөл өргөн, буян хишгийн даллага авахуулсан байна. Уг арга хэмжээнд өчигдөр 1400 гаруй иргэн хүрэлцэн иржээ. Сүүлчийн замд үдэх ёслол маргааш болох юм. Аваргыг төрсөн нутагт нь "хөдөөлүүлэхээр" болсон аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх