С.Сарнай: Мөрөөдөл боломж байгаа цагт зоригтой эхлэх хэрэгтэй


Өнөө цаг үеийн загварын сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл болж яваа С.Сарнайг “Яг түүн шиг” шоуны анхны оролцогчдын нэг гэдгээр хүмүүс илүүтэй мэдэх болов уу. Түүнийг бас ч чамгүй сайн дуучин хэмээн дэмжин суусан хүн ч цөөнгүй биз ээ. “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч түүний тайзнаа үзүүлсэн амжилт чамгүй их. Тухайлбал тэрбээр 2014 он Азийн “Star model”-иор шалгарч, "Miss world next top model" тэмцээний "Miss Internet" шагналыг хүртсэн юм. Ийн загварын тайзнаа гялалзаж яваа сайхан бүсгүй маань өнгөрсөн жилээс бизнест хөл тавьж, өөрийн нэрийн брэнд болох “Monroze” дэлгүүрээ нээгээд буй. Ийн загвар, урлаг, бизнесийн салбарт амжилттай яваа түүнийг энэ удаагийнхаа зочноор урьж, ярилцлаа.

- Юуны өмнө урилгыг маань хүлээж авсан танд баярлалаа. С.Сарнайг хүмүүс загвар өмсөгч, бас чамгүй сайн дуучин гэдгээр нь мэднэ. Харин төгссөн сургууль, мэргэжил, нутаг усны тань талаар төдийлөн сайн мэдэхгүй болов уу....

Тийм байх шүү. Би Улаанбаатар хотод төрж өссөн. Багадаа Германд амьдарч байгаад Монголдоо ирээд хэсэг хугацааны дараа Японд очиж амьдрах болсон. Тэндээ 12 жил ажиллаж, амьдарсан. Бас Японд арван жилийн сургуулиа төгссөн. Тэгээд 2011 онд Улаанбаатар хотод ирсэн дээ. Монголдоо ирээд хүсэл мөрөөдлийнхөө дагуу "Сити" дээд сургуулийн хувцас дизайнерын ангид орж, 2015 онд сургуулиа төгссөн.

- Нээрээ таныг Японд загварын чиглэлээр ажиллаж байсан гэдэг байх аа...

Та их сайн мэдэж байна шүү. Японд би загвар өмсөгчөөр ажиллаж байсан. Ганц загвар гэлтгүй өөр ажлууд ч хийдэг байсан л даа. Би ер нь ажил голдоггүй. Хар багаасаа л янз бүрийн л ажил хийж, одоо бодсон чинь, нээрээ надад хийж үзээгүй ажил бараг байхгүй юм байна шүү. Японд очоод загвар өмсөхөөсөө өмнө Акихабара гудамжинд байрлах электрон барааны дэлгүүрт ажилдаг байсан. Мөн зоогийн газар туслах тогооч хийдэг байсан. Тэгээд л тасралтгүй загвараа өмссөөр ирсэн дээ.

- Мэдээж тэр том орны загварын зах зээл, Монголын загварын зах зээл хоёрын дунд хол зөрүү байгаа байх. Хүмүүс, тэр дундаа залуучууд аль ажиллах, амьдрах боломжтой, таатай орчинтой улсдаа үлддэг. Харин та тэгээгүй бололтой...

Би Монголдоо хайртай. Эх орондоо ажиллаж, амьдрах дургүй хүн гэж ер нь байхгүй байх. Загварын зах зээлийн хувьд манай улсын зах зээл сүүлийн жилүүдэд хөгжиж байна. Гэхдээ моделийн үнэлэмж манайх Японоос их доогуур. Тэнд бүх зүйлийг нь цаанаасаа нь бэлдэж өгдөг. Манай бүтээгдэхүүнийг моделиуд л сурталчилж борлуулж байгаа учраас бид бүх зүйлээр нь хангах ёстой гэж тэд үздэг.  Гэтэл манайхан бага мөнгө өгдөг хирнээ бид чамд мөнгийг чинь төлж байгаа юм чинь яасан ч яах вэ гэсэн янзтай хүндлэлгүй харьцах тохиолдол байдаг. Гэхдээ бүх газар тийм гэсэн үг биш л дээ. Сайн баг хамт олон бүрдүүлж, ажиллаж чаддаг зөндөө газар бий шүү дээ. Японд бид хэзээ ч өөрсдөө нүүрээ будаад, гутлаа аваад очдоггүй. Бүх зүйлийг цаанаас нь хангадаг. Тэнд ч мөн адил бүхэл бүтэн баг хамт олон ажилладаг. Тэр утгаараа ч том брэнд болж чаддаг байх. Энэ жишгийг дагавал манай загварын зах зээл хөгжинө. Зарим газар цалин хөлсөө хангалттай өгч чаддаггүй. Энэ тал дээр жаахан анхаарах хэрэгтэй. Хөгжилтэй оронд дан моделийн цалингаараа амьдарч болно. Ийм нөхцөл боломж бүрдвэл манайхаас гайхалтай моделиуд их төрнө гэж би боддог. Японд ажлын гэрээ гэж байгуулдаг. Тэрийгээ ямагт баримталдаг. Нэг жилийн хугацаанд гэрээ хийдэг. Нэг жилийн хугацаанд авсан зурагаа тухайн жилдээ багтаж л ашигладаг. Гэтэл манайд 7,8 жилийн өмнөх зураг нь энэ тэндгүй  хадаатай байж байдаг. Энэ бол үнэхээр байж болохгүй зүйл. Нэг моделийн дээлтэй зургийг рекламанд авчхаад 2,3  жил зурагыг нь ашиглаад, байлгаад байхаар өөр газраас тэр хүнд яаж санал ирэх юм бэ. Японд жилийн хугацаанд зураг авахуулахад 5 мянган доллар төлдөг. Нэг жилийн гэрээ нь дуусаад зураг авахуулахгүй хирнээ дараа жил нь миний зурагыг ашиглавал дахин мөнгө төлдөг. Ийм л журмаар явдаг. Манайх тийм л жишгээр  явах хэрэгтэй байна.

- Загварын ертөнцөд хэрхэн хөл тавьж байв?

Би багаасаа л загварт дуртай хүүхэд байсан. Намайг хүүхэд байх үед загвар өмсөж байсан мундаг мундаг эгч нарыг хараад эд нар шиг болох юмсан гэж боддог байлаа. Миний хамгийн анхны тайз бол дунд сургуулийн маань урлагийн заал. Сургуулийн хүрээнд зохиогддог загварын тэмцээн, уралдаанд их оролцдог байсан. Тэгээд шат шатаар ахисан даа. Загвар өмсөөд арав гаруй жил болж байна. Одоо “Монгол модель” агентлагтаа харьяалагдан ажиллаж байгаа.

-  Арав гаруй жилийнхээ амжилтуудаас дурдвал...

Монголдоо нэг их олон тэмцээнд оролцоогүй юм байна. Харин “Гоёл наадамд хоёр удаа оролцож байсан. Нэг нь 2013 онд, нөгөө нь 2015 онд орсон. Харин “Торго” шоунд түрүү жил анх удаагаа оролцлоо. Малайзад 2016 онд болсон “Mrs Noble Queen International” олон улсын тэмцээнээс тэргүүн байрын шагнал хүртсэн. Тэр жилдээ “ Торго” шоунд тэнцсэн боловч, жирэмсэн болсноо мэдэлгүй эрүүл мэндийн шалтгаанаас хамаараад орж чадаагүй л дээ. Гадаад тэмцээнүүдийн хувьд 2014 он Азийн “Star model”-иор шалгарч, "Miss world next top model" тэмцээний "Miss Internet" шагналыг хүртсэн.

- Жирэмсэн болсон гэснээс та хоёр хүүхдийн ээж болсон гэхэд бие, галбир чинь яг л урьдын хэвээр гоолиг, сайхан байна шүү. Ямар нэгэн хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийдэг үү?

Баярлалаа. Би турмаар байгаа үедээ хоолондоо анхаардаг. Ер нь жингээ хэвийн хэмжээнд барихад хооллолт их чухал байдаг. Миний хувьд гурилан бүтээгдэхүүнээс татгалзаж, ус их ууж, шинэ ногооны салаат иддэг. Би хэдийгээр загвар өмсөгчөөр ажилладаг ч гоо сайханд байнга ороод байдаггүй. Гэртээ өөрөө өөрийгөө болгочихдог\инээв\. Гоо сайханы хэрэглээ, гэрэл гээд л бүгдийг нь гэртээ аваад тавьчихсан болохоор амар байдаг юм.

- Гэхдээ та чинь хэд хэдэн ч гоо сайханы брэндийн нүүр царай болсон байх аа...

Тэгсэн. Одоогоор “Topicrem”-ийн нүүр царай болж байгаа. Манайхан гэр бүлээрээ хэрэглэдэг.

- Гэр бүлийн хүн тань тантай адилхан загвар өмсөгч. Нэг гэр бүлийн хоёр хүн загвар өмсөгч байхын сайхан бөгөөд бэрхшээлтэй талуудаас хуваалцвал...

Бэрхшээлтэй гэхээсээ сайхан талууд олон байдаг. Нэгнийгээ сайн ойлгоно. Бид хоёр завтай үедээ аль болох нэг нэгэндээ цаг зарцуулж, халамжлахыг хичээдэг. Би хүүхдээ хараад гэртээ зүгээр суугаад байж чаддаггүй юм. Бид хоёр  чинь хоёулаа завгүй хүмүүс. Хааяа нэг хоёр биендээ зав гаргаад романтикладаг. Загварынх гээд онцгойроод байх зүйлгүй, бусад залуу хосын л адил амьдарч байна. Бид хоёр хөөрхөн хүү, охин хоёртой. Миний хоёр хүүхэд чинь үнэхээр хөөрхөн. Хүн бүрт л үр хүүхэд нь хөөрхөн байдаг. Манай хүн хоёр хүүхдэдээ дэндүү хайртай. Зарим хүмүүс “танай нөхөр чинь хүүхдэдээ хоолыг нь хийж өгдөг юм уу, хүүхдээ хараад гэртээ байдаг юм уу” гэж асуудаг. Бид хоёр хэн хэний хаа зав чөлөөнд тааруулаад хүүхдээ хардаг. Бүх зүйлээ зохицуулаад ажиллаа амжуулахыг хичээдэг. Зарим ээжүүд өөрсдөө гэртээ суугаад хүүхдээ хардаг учраас аавууд нь оролцоод байдаггүй болохоор тэгж ойлгодог байх л даа. Манай охин өглөө 07:30 гээд л тахиа шиг шомбойгоод суучихдаг. Аз хүрвэл 08:00 цаг хүргэнэ\инээв\. Тэгээд л агааг нь цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажил ундардаг даа. Манай хоёр талын аав ээжүүд бүгд ажилтай болохоор хүүхдүүдийг маань харах зав байдаггүй л дээ.

   - Таны нөхөр Э.Мөнх-Эрдэнэ бол загварын сайхан залуусын нэг. Хэдийгээр тантай гэрлэн хоёр ч хүүхдийн аав болсон ч гэсэн заримдаа бас бүсгүйчүүд танай нөхрийг ”эргүүлнэ” биз...

Ёстой тийм зүйл байдаггүй ш дээ\инээв\. Урьд нь бид хоёрыг үерхдэг гэж мэддэггүй байхад нэлээд охидууд манай хүн рүү чат бичдэг байсан. Над руу ч, бас бичдэг л байсан. Сүүлд бид хоёрыг үр хүүхэдтэй болоод нэг гэр бүл болсон гэж мэдээд тэгэхээ больсон. Манай нөхөр надад ер нь янз бүрийн зүйл яридаггүй юм. Би ч өөрөө мэдээд байхыг хүсдэггүй л дээ. Хань маань ер нь их даруухан, өрөвч, зөөлөн сэтгэлтэй, олны дунд биеэ маш зөв авч явдаг. Би ч бас нөхөр шиг ээ, их өрөвч хүн л дээ. Тийм болохоор хоёулаа их өрөвч хүмүүс чинь хүнд ашиглуулчих гээд байдаг сул талтай.

-   Нөхрөө хойноосоо хэр их гүйлгэж байв даа...

Өө, тэгж их гүйлгээд байх нь ч хаашаа юм инээв\. Хоёр биендээ таалагдаад, мессеж, чат бичдэг болоод  тэгээд л удалгүй нийлж байсан.

- Таны өөрийн нэрээр нэрлэсэн "Monroze" галбиржуулагч бүс, корсетыг бүсгүйчүүд нэлээд авч хэрэглэж, бас их ам сайтай байх шиг байна...

Баярлалаа. Би “Monroze” брэндээ 2015 онд үүсгэн байгуулсан. Анх “Monroze” солан ажиллуулж байгаад сүүлдээ өргөжөөд дэлгүүрээ нээсэн дээ. Миний ур ухаан, цаг зав, хөдөлмөрөө шингээж, гараа “гаргаж” хийсэн бүтээгдэхүүн маань гуалиг сайхан биетэй болохын төлөө хичээж буй бүсгүйчүүдэд тус болж, таалагдаж буйд их баяртай байгаа. Манайх бүснээс гадна хулдаасан материалаар цүнх, мөн гоо сайханы багс, нүүр цэвэрлэгч, сормуус, гоо сайханы бүтээгдэхүүн, мөр тэгшлэгч, гар цүнх хийж байна. Хувцас, цүнхээ дотооддоо өөрсдөө оёдог. Энэ жилийн хувьд хулдаасан материалаар цүнх болон өвөрмөц хувцас хийхийг зорьж байна. Хулдаас өнөө жил тренд болж байгаа учраас. Би 2014 оноос хойш өөрийн гараар бүтээгдэхүүндээ урлаж эхэлсэн. Харин хувцас цүнхнээс бусад зүйлийнхээ загварыг өөрөө гаргаад Япон, АНУ-д үйлдвэрлүүлдэг. Би өөрөө загвараа гаргаад оёдолчноор хувцсаа оёулдаг байсан. Сүүлд би хүүхдээ төрүүлээд ажил ихтэй болохоор салонаа түр хаасан байгаа. Удахгүй буцааж нээх бодол байна.

-   Бүтээгдэхүүнүүдийнхээ давуу талаас дурдвал...

Бид сормуусаа 100 хувь гар аргаар хийгддэг. Америкийн алдарт Lilly Lashes болон HUDA beauty-н сормуусны үйлдвэрт үйлдвэрлэдэг. Сормуусны уг нь өнгөгүй учир яг л суулгасан сормуус мэт харагддаг. Маш уян зөөлөн тул хатгахгүй хүнд хатуу мэдрэгдэхгүй давуу талуудтай. Нийт 25 удаа хэрэглэх боломжтой байдаг. Цүнхнүүддээ хулдаастай торго, савхи орлуулж хийдэг учир хоёр төрлөөр хэрэглэж болно. Бүсийг бол надаар хэлүүлэлтгүй хэрэглэж үзсэн олон хүн нь үр дүнг нь хэлэх болов уу. Манай "Monroze" брэндийн бүснүүд хэвлийгээр маш сайн тураахаас гадна, нуруунд их сайн тулгуур болж өгдөг.

-  "Monroze" хэмээн нэрлэсний учир нь...

Энэ нэрийг манай ээж өгсөн юм. Монгол Сарнай гэсэн утгатай. Ээжээсээ яагаад ингэж нэрлэх болсон тухайд асуухад "Чиний нэр Сарнай чи өөрөө Монгол хүн. Цаашдаа дэлхийн тавцанд гарна гэж мөрөөдөж юмаа хий" гэж хэлсэн. Тэгээд загвараа бодож байгаад логогоо нөхөртэйгөө хамт хийсэн.

-  Тэгвэл ээжийнхээ ерөөлөөр тун удахгүй дэлхийн тавцанд гарах юм байна даа...

Баярлалаа. Ерөөл бат оршиг. Зарим хүмүүс намайг ганцхан бүсээ дагнаад явахгүй олон төрлийн зүйл гаргах гээд юм юм руу савчаад яваад байна гэж шүүмжилдэг л дээ. Би яагаад нэг зүйлээ дагнадаггүй вэ, гэхээр хүмүүсийн хэрэгцээтэй зүйлийг л гаргахыг хүсдэг. Бас өөрийнхөө хэрэглээд зөв гэж бодсон дуртай зүйлээ гаргадаг. Хүмүүс ийм л зүйлийг хэрэглэх тааламжтай дуртай байх болов уу, гэж бодсон зүйлээ шууд л гаргахыг эрмэлздэг. Бас хүмүүсийн санал бодлыг их сонсож, үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэхийг хичээдэг. Цаашдаа бид нэрийн дэлгүүрийн спорт, косметик, загварын гэсэн төрөлжсөн салбар дэлгүүртэй болохыг зорьж байгаа. Бас хилийн чандад хүрээгээ тэлж, Япон руу бүтээгдэхүүнээ гаргах талаар судалж байна.  

- Та тэгвэл бизнест тун амжилттай яваа юм байна. Удахгүй бас урлагт цахиур хагалах нь гэж бас битүүхэндээ хүлээгээд байгаа шүү...

Баярлалаа. Та миний шинэ гаргасан "Заримдаа" дууг ярьж байна уу. Үзсэн байх нээ дээ.

- Тийм ээ, үзсэн. Дажгүй санагдсан шүү...

Баярлалаа. Багагүй хичээсэн. B.A.Production надад тус дууг дуулах санал тавьсан л даа. Миний анхны уран бүтээл “Илд цэцэг” уран сайхны киноны дуу “Амин эрдэнэ” гээд эх үрсийн элбэрлийн тухай дуу дуулсан. Тэгээд хоёрдох уран бүтээл болох “Заримдаа” нэртэй  дуугаа өлгийдөж авсан даа  их баяртай байгаа. Гэхдээ мэдээж дуучин болох болоогүй шүү дээ. Дуучин болохын тулд маш их хичээл зүтгэл, хөдөлмөр, мэргэжлийн түвшиний хичээл, сургуулилалт хэрэгтэй. Одоохондоо надад дууны багш байхгүй байна. МУГЖ Ч.Насантогтох багшаараа хичээл заалгах бодолтой байгаа. Би “Яг түүн шиг” шоунд оролцоод өөрийгөө цаашаа дуулаад явах боломж байна гэж дүгнэсэн л дээ. Би хүн аливаа нэг зүйлийг эхэлсэн, хийсэн бол эцсийг нь үзэх хэрэгтэй гэж боддог. Тиймээс дуулах ур чадвараа сайжруулаад, мэргэжлийн багшаар заалгаад цаашаа явахад болохгүй зүйл байхгүй болов уу, гэж бодож байгаа. Ойрын хугацааны төлөвлөсөн бүх ажлууд маань жигдрээд, охин маань жаахан том болчихвол цаашдаа амжуулаад дуулаад л явна даа.

- Магадгүй дууныхаа үгийг бас өөрөө зохиогоод явахыг тань үгүйсгэхгүй л юм даа. Ардын уран зохиолч, алдарт яруу найрагч Ш.Дулмаа гуайн авьяас бэлэг танд бас өвлөгдсөн байлгүй дээ...

Би бичих, зохиох талдаа ёстой авьяасгүй ш дээ. Эмээгийн маань сайхан авьяас нь надад хувцас урлах, зурах зурах тал дээр өвлөгдсөн юм болов уу гэж боддог. Би өвөө эмээгийндээ өссөн хүүхэд л дээ. Намайг бага байхад ээж байнга л Япон руу ажлаар явчихдаг байсан. Тэгээд л өвөө эмээтэйгээ үлддэг байлаа. Эмээ минь надад зөв хүн байх тухай их хэлж сургана. Аливаа зүйлд тууштай, хүнд худлаа ярихгүй, зөв хүн байгаарай гэж хатуу хэлдэг байсан. Одоо ч очихоор бас хэлдэг юм.

- Өөртэй тань ярилцаж байгаагийнх таны оролцсон "Яг түүн шиг" шоуны талаар асуухгүй өнгөрч боломгүй болов уу...

Би энэ талаар ярих их дуртай. Нэг өдөр "Боловсрол" телевизээс залгаад "манайх ийм шоу хийж байгаа юм. Загвар өмсөгчид дунд дуулдаг хүн гэхээр, танаас өөр хүн байхгүй байна. Та манай шоунд оролцооч" гээд ярьсан л даа. Би жаахан эмээгээд "Би чинь “Байна уу, ээжээ” дууг хүнтэй хамтарч л дуулсан хүн шүү дээ. Тийм хүнийг яаж дуулдаг гэх юм бэ" гэтэл "Дуу дуулсан л юм чинь дуулдаг л гэсэн үг шүү дээ" гэсэн\инээв\. Тэгээд "Youtube"-ээс хайж үзчихээд "За ингэж туршилтын туулай болоод яах вэ. Чадахгүй бол хоёрын хооронд онигоо болно..." гэж бодсон. Тэгээд ч тэр үед хүү маань 5 сартай жаахан байсан болохоор ямар заваараа оролцох билээ гэж бодоод татгалзсан. Тэгвэл сарын дараа дахиад л "Боловсрол" телевизээс залгасан. Залгасан хүн нь Японд хамт сурдаг найз маань байж таарсан. Тэнд ажилд орсон "хүрээд ир, хүүхдийг чинь харах хүн олдоно ш дээ..." гээд л намайгаа сайхан найр ч байгаа юм чинь. Тэгээд л танилын нүүр халуун юм хойно очсон доо.

- Тус шоунд оролцсоноор таны амьдралд мэдээж өөрчлөлт гарсан байх...

Би Японд 10-аад жил загвар өмссөн ч хүмүүс намайг тэнд загвар өмсдөг байсан гэж мэдэггүй байсан л даа. Харин энэхүү тэмцээнд орсноор хүмүүс намайг илүү их мэдэх болсон. Би ч олны өмнө "нүүр хагарч" сурсан. Мэдээж олон талаараа надад ашиг тусаа өгсөн. "Боловсрол" телевизийнхэндээ баярлаж явдаг шүү.

- Залуу хүн мэдээж ирээдүйд хийж, бүтээхээр олон зүйл төлөвлөсөн байгаа болов уу...

Өөрийн нэрийн брендийн хувцасны дэлгүүртэй болчихлоо. Мөн өөрийнхөө хэмжээнд дуулаад үзчихлээ. Цаашдаа эдгээр зүйлсээ улам хөгжүүлж, өргөжүүлээд амжилт гаргаад явна гэж бодож байна. Хүн энэ хорвоод ганц л амьдарна. Нас ахиад ирвэл би одоо  хийж байгаа зүйлээ хийж чадахгүй. Хүн өөрөө богинохон амьдардаг. Хүн хэдэн ч мөрөөдөлтэй байж болно. Гол нь боломж олдвол тэр мөрөөдлүүдээ зоригтойгоор биелүүлээд явах хэрэгтэй. Би ирээдүйд олон зүйлийг хийхээр хүсэж төлөвлөсөн байгаа. Тэдгээр бүхий л зүйлээ хийж, бүтээгээд ард нь гарахыг хүсэж байна. Хүмүүс намайг олон зүйл рүү үсэрлээ гэдэг юм. Үнэхээр боломж нь байвал үзээд л алдах хэрэгтэй гэж би боддог. Хийх дуртай зүйл байгаад боломж нь бүрдвэл бүгдийг нь л хийж үзэх хэрэгтэй биз дээ.

- Тэгэлгүй яах вэ. Таныг хүссэн мөрөөдөлдөө хүрч, олон амжилтын эзэн болсон үед тань дахин ярилцахын  ерөөл тавьж, ярилцлагаа өндөрлөе...

Баярлалаа. Таны ерөөл бат оршиг. Та бүхний ажилд бас өндөр амжилт хүсье...

Ярилцсан: М.Дайриймаа

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Zuvulguu 2018 04 сар 07

Dendiuu aimar nyalh huuhed shig nuhurtei. Saihan huuhen bj ene talaar sain bodoh l bsin.

Зочин 2018 04 сар 07

Нөхөр нь юмуу. Дүү нь гэж боддог байсан