Samsung-ийн албан бус тэргүүнийг авлигын хэргээр байцаана

Дэлхий Монгол Админ 2017 01 сар 11 165

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хег тойрсон авлигын хэрэгт Samsung компанийг хамаатуулж эхлэлээ. Одоогийн байдлаар байцаагчид тус компанийн топ менежер, Samsung холдингийн тэргүүний хүү И Че Ёныг байцаахаар шийджээ.

Мөрдөн байцаагчдын гаргасан мэдээнд дурдсанаар И Че Ёныг сэжигтнээр татан ирэх пүрэв гарагт байцаах аж. Тэд Samsung компанийг Пак Гын Хегийн найз Чой Сун Силийн эзэмшдэг арилжааны бус сангууд руу хандив өргөж байсан гэж сэжиглэж байна.

Чухамхүү энэ л мөрдлөгөөс дээрх авлигын хэрэг мандаж эхлэсэн бөгөөд уг хэргийг шалгах явцад Өмнөд Солонгосын Парламентаас Пак Гын Хег огцруулах асуудлыг хөндөж эхлэсэн билээ. Тухайн үед түүний найз Чой Сун Сил томоохон компаниудыг шахалтанд оруулж, өөрийн байгуулсан сангууд руу их хэмжээний хандив өргөхийг тулгаж байсан гэж мэдээлж байв.

Эдгээр компанийн дотор Samsung бас байсан юм. Мөрдөн байцаагчид сангуудад хандив өргөсөн явдлыг авлигатай адилтгасан бөгөөд ийм маягаар тус компани нэгэн ээдрээтэй худалдааны хэлцэлдээ эрх баригчдын зүгээс дэмжлэг авах санаатай байсан гэж үзэж байгаа аж.

И Че Ён Samsung-ийн албан бус тэргүүн юм. Samsung-ийн албан ёсны Ерөнхийлөгч И Гун Хи зүрхний шигдээст нэрвэгдэн өвчтэй байгаа тул хүү И Че Ён түүнийг түр орлож байгаа юм.  

Г.Номин

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх