Үндсэн хуулийн эхийг төрийн түүхийн музейд заллаа

Улс төр Монгол Админ 2017 01 сар 09 198

Үндсэн хуулийн эхийг төрийн түүхийн музейд заллаа

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2017.01.09/ боллоо.

 

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон  Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнөөс Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр авчран заллаа.

 

 

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан шат дараалсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь өнөөдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг түмэн олонд толилуулахаар Төрийн түүхийн музейд залж байгаа хүндэтгэлийн үйл ажиллагаа юм. Долоо хоногийн хугацаанд иргэд Монгол төрийн түүхийн музейд хүрэлцэн ирж Үндсэн хуулийг уг эхийг үзэж сонирхох боломжтой болж байна. Үндсэн хуулийн ач холбогдол, түүхэн үүргийг олон нийтэд таниулахад энэ үйл ажиллагааны зорилго оршиж байгаа юм” хэмээн онцлов.

 

 

1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын гарын үсэг зурж, батламжилсан эхийг, түүний хүндэтгэлийн гэр хайрцгийн хамтаар ийнхүү Төрийн түүхийн музейд залагдаж байна. Үндсэн хуулийн уг эхийг 2017 оны нэгдүгээр сарын 13-20-ны хүртэлх хугацаанд 10.00-17.00 цагийн хооронд олон нийтэд үзүүлэх юм.

 

 

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх